Арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болох чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцох Монголын эмэгтэй баг тамирчид ням гаригт эх орноосоо мордсон билээ.
Тэгвэл залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр өглөө Быдгощ хотыг зорив.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар), 61 кг-д Батчулууны Баасанням (Женко), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Лутбаярын Батбаяр (Женко), 74 кг-д Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс), 86 кг-д Ганбаатарын Ганхуяг (Алдар), 97 кг-д Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг), 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (Арслан) нар Польшийн дэвжээнд зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 57, 70, 74, 125 кг 25-нд, 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан 26-ны өдөр болно. Сонирхуулахад, “U-23”-ын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн дээр Г.Төрболд, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ гэсэн залуучууд нэмэгдсэнээр арванхоёрдугаар сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцох юм.