Өчигдөр нээлтээ хийсэн "Про стар" фильм бүтээсэн "Залуу мөрдөгчид" киноны нээлтэнд хүрэлцэн очлоо. "Сайн аав" киногоор Монголын кино урлагт анхныхаа шанг татсан Соёлбаатар хэмээх эрхэмээр овоглогдсон Чулуунтогтох, Бүжин хэмээх нэгэн гэр бүлийн уран бүтээлчид, тэдний хамт олны бүтээсэн хүүхдийн кино үнэхээр сайхан кино болжээ.
Бодоод байхад Монголд хамгийн сүүлд хүүхдийн кино хэзээ хийгдсэн юм бол?
1. "Мөрөөдөл" хүүхдийн зусланд амраад ирсэн Зоригоо хүү ангийнхаа найз нарт өөрийн бичсэн зуны даалгаварын зохион бичлэгээ ярьж байгаагаар кино эхэлнэ. Оройн амралтын цагаараа сүнс сүүдэр , аймшигийн түүх ярьдаг хүүхэд насны тэрхэн үеийг санагдуулам дүрсгүй жаалууд, бие биенээ айлгаж, чадаж, зуслангийн захирал нь тэднийг гал тогоонд аяга угаалгаж шийтгэж байгаа нь киноны эхний хэсэг юм. Гал тогооны Ахлах тогооч, туслах хоёр нь хүүхдүүдийг бас зүгээр байлгахгүй, сүү хиам хулгайлсан хэрэгт сэрдэж байгаа нь тус хэсгийн эхний шигтгээ болжээ. Гал тогооны тогооч болон хүүхдүүдийн гол бай нь Бодон хочтой нэгэн жаал байлаа. Ядаж байхад өнөөх Бодон хочтой хүү гал тогооны үүднээс олсон хиам идэж яваад охидуудад харагдана. Зуслангийн захиралаас аймшигийн түүх, сүнс сүүдэр ярих нь хориотой болсон хүүхдүүд хулгай хийж байгаа хүүхдийг олохоор мөрдөгчийн баг гаргана. Үймээний эзэн Шарков тэргүүтэй мөрдөгчид хэргийн мөрөөр орж нилээн мөрдлөгө хийсэн ч амжилт олсонгүй.
Хүүхдүүдэд хоёр өдөр дараалан муухай, амт муутай хоол хийж өгсөн Ахлах туслах 2 хоолны зааланд гэнэт орж ирсэн захиралд баригдаж хүнд байдалд орно. Нөгөөх алга болсон хиамыг манаач өвгөн барьж орж ирсэнээр тогооч нар өөрсдөө хиамыг нохойд хаяж өгсөн нь ойлгомжтой болж эхний хэсэг өндөрлөнө. Хоёрдугаар хэсэг нь нэгэн учир битүүлэг том хөлийн МӨР олсоноор эхэлнэ. Чоно нохой биш, баавгай ч биш учир битүүлэг мөр?????
2. Болсон болоогүй хошин кино, нээх учиргүй зодолдсон киног бодвол хүүхдийн төлөө хийгдсэн энэхүү кино чанартай бүтээл болсон байна. Магадгүй бүх киноны уран бүтээлчид хүүхдийн киногоор өрсөлдвөл энэхүү кинонд ШҮҮМЖ бичиж болох л байлаа. Холливудын хүүхдийн киноны уран бүтээлчидийнх шиг хүчтэй өрсөлдөөн байдаг бол улам илүү чанаржих байсан байж ч болох юм. Гэхдээ шүүмжлэхээс өмнө нэг өрөвдөж, нэг бахархаж суулаа. Хүүхдийн кино хийвэл хүлээн авах нийгмийн сэтгэхүй өнөөдөр Монголд лав алга. "Про стар" студи АШИГ харж хийсэн бол бусдын жишигийг дагаж инээдмийн эсвэл гэмт хэргийн кино хийж болох л байв. Гэвч тэд зориг гаргаж ХҮҮХДИЙН уран бүтээл хийхээр зорижээ. Тэд ашгийн төлөө ажиллахыг хүсээгүй, угаасаа ашиг олж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Яагаад чухам "Про Стар" студи хүүхдийн уран бүтээл хийхээр сэтгэл шулуудав. Тэд нийгэмд дутагдаад буй хүүхдэд зориулсан ганц ч болтугай кино хийхээр нэгдсэн байна.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд өнөөдөр чухам юу үзэж байна. Хошин шогийн тоглолт, арай томоохон хүүхдүүд нь фэйсбүүкийн элий балай бичлэгээс өөр үзэх юм алга. Хүүхдийн хүмүүжил телевизийн нэвтрүүлэг, киноноос маш их нөлөөлнө гэдгийг та бид мартжээ. "Боловсрол" сувгаас өөр хүүхдэд анхаарч буй телевиз бараг байхгүй байгаа. Харин киноны уран бүтээлчдээс "Про стар" студи энэхүү байдлыг өөрчлөхийн төлөө тэмцэж буй нь бахдууштай, магтууштай.
Гэтэл үзэгч болсон би юунд харуусахад хүрвээ. Өнөөдөр нээлтээ хийж буй "Залуу мөрдөгчид" киног гаргах кино театр "Тэнгис 2"-оос өөр алга. Яагаад??? Яагаад гэвэл бусад кинотеатрууд хүүхдийн киног АШИГ муутай хэмээн голсон байна. Киногоо гаргах цаг авах гэж олон газрын үүдийг татсан ч татгалзсан хариу авсан тухайгаа "Про стар" студийн захирал продюсор С.Чулуунтогтох ярьж байлаа. Өнөөдөр кинотеатруудын захиралуудад Хүүхдийн төлөө "ЗА" хэмээн хэлэх сэтгэл алга. Өмч хувьчлал нэрийн доор үнэгүй шахам авсан кинотеатрууддаа яагаад нэг удаа ч гэсэн Хүүхдийн төлөө ажил хийж болохгүй гэж????
Нөгөө л хошин шогийн нөхдүүд ээлж дараалаад хольж солигдоод тоглосон арзганасан, марзганасан, эсвэл нэг л их гэмт хэрэгтэнүүд учиргүй тэмцэлдсэн киногоор Монголын залуу үеийн тархи толгойг угаах ямар хэрэгтэй юм бэ? Аугаа их түүхтэй Монгол түмэн бид өөрсдийн түүхээрээ кино хийж болохгүй байна. Үнэхээр харамсалтай. Гэвч цөвүүн цаг дуусаж сайн цагийн дохио болон 17 хүүхэд гол дүрд нь тоглосон "Залуу мөрдөгчид" хэмээх сайхан бүтээл Могнголын кино ертөнцөд ЦАН цохиод ороод ирлээ. Энэхүү сайхан бүтээлийг та бүхэн дэмжээд "Тэнгис 2" кинотеатрийг дүүргээд өгөөрэй.
Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн минь Ариун цагаан буян та бүхнийг үргэлж ивээж явах болноо. "ПРО СТАР" студи. Та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа С.Чулуунтогтох Монголын кино урлаг чамд мэхийн ёсолж байна.
Сэтгэгдэл (1)