ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА
Хүннү улс нь эхний үедээ одоогийн Монгол шиг багавтар улс байжээ. Гэтэл дундаж Азид байсан жижиг улсуудыг эзлэн авснаар Хүннү улсын арилжаа худалдааны орон зай нь тэлж, эдийн засаг нь түргэн хөгжиж, хятадын Хан улсыг сүрээр дарсан их гүрэн болсон байна. Хүннү гүрэн нь хятадын Хан улсыг хэдэн зуун жил айлган сүрдүүлж алба татвар авдаг байсан аж.
Гэтэл Хан улсын Үү Ди гэгч хаан нь нэгэн стратегийн онол номлол гаргажээ. Хан улс нь дундад Ази тийш нэвтрэх худалдааны шинэ зам гаргаж, харилцаа холбоогоо бэхжүүлэн, эхлээд Хүннүгийн ноёрхолыг дундад Азид унагааж, тэднийг бие даахад нь туслажээ. Улмаар дундад Азийн улсуудтай цэргийн холбоо үүсгэсэн аж. Энэ цаг үеээс Хүннү улсын эдийн засгийн хүч чадал нь доройтож, хямран хоорондоо тэмцэлдэх болжээ.
Дараа нь Үү Ди хаан цэргийн агт олныг тэжээж, өөрийн нэг муж улсаа бүхэлд нь адууны бэлчээр болгон, цэргээ Хүннүгийн цэрэгтэй ижил зэвсэгээр зэвсэглэн байнгын сургуулилт хийлгэх болж гэнэ. Ингэснээр Хүннүгийн довтолгооныг няцаах байдлаар дайн хийхээ больж, Хүннүгийн нутгийн гүнд нэвтэрч цохилт өгдөг болжээ. Энэ Үү Ди хааны үеээс Хүннү ба Хан улсын тэмцэлд чанарын эргэлт гарч, Хан улс ноёлох байранд гарсан гэдэг.
**************
Хожим нь 6-7-р зууны үед Монголын нутагт байсан Турк улс баруун тийш тэлж, дундад Азийн жижиг улсуудыг эзлэн хүчирхэг гүрний шинжийг олжээ. Ингээд хятадын Тан улсыг айлган, алба татвар авдаг байсан байна.
Тан улс Шинь Зүн гэх ламыг баруун тийш илгээж, дундад Азийн улсуудтай харьцах аюулгүй замыг мэдэж аваад худалдаа харилцаагаа сэргээж, Торгоны замыг хянах болсноор Турк улсын ноёрхолыг дундад Азид унагаан тэдэнтэй цэргийн холбоо үүсгэн, Туркийг хумих бодлого барьж байв. Тан улс дундад азиас адуу худалдаж авч, байнгын Армитай болж, Туркийг нутагт цөмрөн дайтах болсноор Туркийн төрт улс аяндаа мөхжээ.
*************
Чингис Хаан 13-р зуунд Хорезмийн хаант улсыг мөхөөж, дундад Азид ноёрхлоо тогтоож, Торгоны замыг хянах болсон нь алсдаа Тангад улсыг мөхөөх, Хятадын Сүн улсыг эзлэх, Европ ба Арабын улсуудыг эзлэх үндэс суурь нь тэр болжээ.
Түүнээс нилээ хойно. Юань гүрний сүүлчийн эзэн Тогоонтөмөр Бээжингээс хөөгдөж, нагац нарынхаа нутагт очсны дараа Дундад Азид ноёрхож байсан ТӨМӨР (доглон) Бээжинг буцаан эзлэхэд нь туслахаар найш мордож байсан баримт бий. Гэвч Төмөрийн (доглон) их цэрэг хижиг өвчинд дайрагдаж Төмөр хаан нь нас барснаас уг их цэрэг замаасаа буцжээ. Хэрэв тэр үед Монголчууд дундад Азиас тусламж авч чадсан бол Бээжинг дор нь буцаан эзлэхээр байсан гэдэг.
* * *
17-р зууны дунд үеээс Зүүнгарын хаант улс хүчирхэгжин, Төвд, Уйгар, Киргиз, Казах, Узбек, Тажик зэрэг улсуудыг колони хараат улс болгож, Манж Чин гүрнийг сүрээр дарж, бүс нутагтаа тэргүүлэх улс болж байв. Гэтэл Орос улст зүүн тийш тэлж, Дундад азид бэхжисэн ба Монголчууд хоорондоо дайтснаас болж хүч нь суларч, Манж Чин гүрэнд дарагдсан байна.
****
ШХАБ
**********
Хятад нь 5000 жилийн бичмэл түүхтэй улс агаад удирдагчид нь энэ түүхээ нэвт мэддэг юм. Хятадын удирдагчид төрт улсуудынхаа алдаа оноог ойлгон орчин цаг үеийн бодлоготоо ч тусгаж байдаг билээ.
1991-онд ЗХУ нь 15 тусгаар тогтносон улс болж задрав. Хятадууд хамгийн түрүүнд дундад Азийн зүгт гар сунган Казах, Киргиз, Тажик, Узбек гэх дөрвөн улстай шат дараалласан олон хэлэлцээр хийж, улмаар 1996-онд Шанхай хотноо хамтран чуулж, ШХАБ- гэх байгууллагыг үүсгэв. Энэ нь Хятадын түүхэнд шинэ юм огт биш бөгөөд дээр бичсэн холбоо харилцааны энэ цагийн хувилбар болно.
Зорилго нь сүүлийн 300 жилд Оросын нөлөөнд байсан бүс нутагт Хятадууд нөлөөгөө оруулан бэхжих ажиллагааны эхлэл юм. Мөн Хятадын алдарт худалдааны торгоны замыг сэргээн эдийн засгийн орон зайгаа баруун тийш тэлэхэд нь тустай.
Дундад Ази нь Хятадын хувьд эмзэг бүс болно. Хятад энэ бүсээр дамжин лалын ертөнцтэй хиллэж байгаа бөгөөд эдгээр улсуудаар дамжин Хятадын Лалын шашинтнууд буу зэвсэг авч, бослого үймээн гаргах боломж байгаа тул аюул үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад нь ШХАБ туслах ёстой.
Мөн Дундад Азийн энэ бүс нутагт Европ, АНУ мэтийн барууны улсууд цэргийн нөлөөгөө оруулахаас өмнө амжиж, (Казах, Киргиз, Тажик, Узбек) энэ 4 улстай тохирсон нь Хятадын хувьд цаг хожин овсгоо гаргасан амжилттай гадаад бодлого болжээ.
ШХАБ-нь цэвэр эдийн засгийн эвсэл биш бөгөөд байгуулсан гэрээн дотор нь ЦЭРГИЙН ЭВСЛИЙН ГЭРЭЭНИЙ заалтууд ч байдаг юм. (Дундад Ази + Хятад ) гэсэн ОХУ-ын эсрэг цэргийн эвсэл үүсэхээс сэргийлж, ОХУ энэ байгууллагат элссэн гэж ойлгож болох байх. Мөн ЗХУ-ын цэрэг, эдийн засгийн орон зайг ОХУ нь Хятадад сул тавьж өгөхийг хүсээгүй байхаа.
Бас ОХУ ба Хятадын эрх ашигийг хамгаалсан НАТО, АНУ, Зүүн Азийн цэргийн эвсэл гэх мэттэй сөргөлдөх агуулгатай заалтууд ч ШХАБ-ын гэрээнд байдаг гэдэг.
Товчоор хэлбэл: ОХУ ба Хятад хоёр нь сүүлийн 300 жилд ноёрхолоо тогтоосон Евро-Азийн энэ бүс нутаг дахь нөлөөгөө хадгалах гэсэн агуулга бүхий Цэргийн эвслийн заалтуудыг тэргүүлэгч гүрний хувьд ШХАБ-ын гэрээнд оруулсан байдаг аж.
Тиймээс АНУ ба Европ нь ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж үзэх хандлагатай байна.
Энэтхэг ба Пакистан нь сүүлийн 60-аад жилд хоорондоо дайсагнаж байгаа билээ. Гэтэл саяхан Энэтхэг ба Пакистан нь хамтаар ШХАБ-д элслээ. Пакистан улс нь Хятадтай эртний цэрэг стратегийн түнш улс юм. Пакистан ШХАБ-д элсэх хүсэлт гаргасан тул Энэтхэг ч мөн давхар элсэхээс аргаггүй байсан бололтой юм.
Хэрвээ Пакистан ШХАБ-д элсээд Энэтхэг элсээгүй тохиолдолд ШХАБ нь Энэтхэгийн эсрэг цэргийн эвсэл болж хувирахаар байв. Иймд хүчний харьцааг тэнцвэржүүлж, саармагжуулах зорилгоор Энэтхэг ШХАБ-д элсчээ.
АНУ- тэргүүтэй барууны ертөнц ИРАН улсыг цөмийн зэвсэг хийдэг хэмээн хардаж, үе үе хүчтэй хориг арга хэмжээнүүдийг тавьдаг билээ.
Иран улс нь АНУ ба Европын даралтын саармагжуулж дэмжлэг авах зорилгоор ШХАБ-д бас л элсч байгаа бололтой юм.
Үргэлжлэл бий ...
Г.Баян
Сэтгэгдэл (3)