Баянгол дүүргийн нэрэмжит Жанрайсаг бурханы авшиг түгээх, Хатантуулын хишиг барилдаанд дөрвөн арслан, нэг гарьд, зургаан заан, долоон харцага, 27 начин нийт 45 улсын цолтон, а.ц.а 57, а.ц.з 18, а.ц.х 37, а.ц.н 84, з.б 15 бүгд 256 бөх авхаалж самбаа, хурд хүч сорин барилдлаа.
Энэ цагийн өнгийг тодорхойлж буй шилдэг, залуу арслан, гарьд, заануудыг хаясаар харцага, начин хоёр түрүү булаалдахаар шалгарсан нь бас нэг сонин содон биз ээ.
Ховдын Бат-Өлзий харцага ер нь л бяралхаж, бараг л гарын үзүүрээр гэмээр хөнгөхөн барилдаан хийж, давсаар түрүүлж, Дундговийн Даш начин бэлтгэл сайн байгаагаа харуулж, үзүүр булаав. Их шөвөгт хүчит арслан Бүрэнтөгс, Оюунболд нар шалгарлаа.
Түрүү бөхийн тааварт яригдаж байсан хоёр сайхан арслан гурвын даваанд өвдөг шороодлоо. Пүрэвдагва а.н Баатарболдын хөлд нь орж түрж яваад мушгиулж унасан бол Батсуурь энэ жилийн наадмын таавар “эргүүлсэн” а.з Болдбаатарыг амалж бас “таамаг эвдэн” уналаа.
Энэ барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд нэг, нэг сая төгрөг гардсан юм.