Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын "Premier Boxing Champions production"-д харьяалагдан тулалдаж байгаа билээ. Тэрбээр энэ удаа домогт дэлхийн аварга, мэргэжлийн боксын хамгийн тод одын нэг, цуут Флойд “Money” Мэйвезерийн "Mayweather Promotions"-ний тамирчин АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай өрсөлдөхөөр бэлтгэлээ базаагаад бөайсан ч Хавьер Аугустин Мартинес түүнтэй тулалдахаас татгалзжээ.
НУ-ын Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн "Latino Mayweather” хэмээгдэх болсон Хавьер Мартинес энэ жил 19 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж, бүгдэд нь ялжээ. Үүнээс зургаан тулааныг КО-оор дуусгасан байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар Хавьер Мартинес манай Төгсцогттой тулалдах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Улмаар түүний дараагийн өрсөлдөгч тодорсон байна.
Олимп, дэлхийн мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа 11 дүгээр сарын 18-нд хийхээр товложээ.
KING TUG хэмээх нэртэй тулалддаг , энэ жил 25 настай Н.Төгсцогт мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм. Харин энэ удаагийн шинэ өрсөлдөгч нь Филиппиний боксчин Хармонито Дела Торре байх нь. Энэ жил 23 настай, "Алх" хочит энэ боксчин АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд таван жил хүч үзэхдээ 19 тулаан хийж , нэг ч ялагдаагүй аж. Үүнээс 12 тулааныг КО буюу нокаутаар дуусгажээ.