Монгол Улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх, Монгол Улсын Хөдөө аж ахуйн хоршоологчдын төв байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Ш.Уламбаяр тэргүүтэй улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов.
11 дэх удаагийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай түрүүлж, аймгийн арслан М.Эркебулан үзүүрлэлээ. О.Хангайгийн хувьд харцага цол хүртсэнээсээ хойш гурав дахь түрүүгээ хүртэж байгаа юм. Мөн намрын нээлтийн барилдаан эхэлснээс хойшхи таван барилдааны гуравт нь ийн түрүүлж, бөхчүүдийн чансааг тэргүүлж байна. Харин их шөвөгт улсын заан Б.Батмөнх, харцага Т.Баасанхүү шалгарчээ.