Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.
Морин хуурын чуулгын уран бүтээлчид өнгөрсөн 25 жилийн хугацаанд дэлхийн 20 улсад нийт 84 удаа 250 гаруй хотуудаар 650 гаруй тоглолтыг хийсэн байна. Харин энэ сарын 21-нд болох 25 жилийн ойн баярын тоглолтоороо бидний сайн мэдэх Зууны манлай хөгжмийн удирдаач Ж.Чулууны “Уран хасын бальс”, Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал” зэрэг сор бүтээлүүдээс дээжлэн хүргэхээс татгалзжээ.
Учрыг тус чуулгын менежер Ж.Уугантуяагаас лавлавал “Хүний насаар ярихад өнөөдөр чуулга маань эрийн цээнд хүрчээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд сонссон үзэгчид ямар боловсролтой болсон бэ. Яг тэгж бодож өнөөдрийн 25 жилийн ойн баярын хөтөлбөрийг бэлтгэсэн. Үзэгчид их сонин. Зарим нь “Хуучин бүтээлээсээ тоглоно биз дээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин уран бүтээлээ тоглохгүй биз дээ” гэж асуудаг. Бид үндэсний хөгжмөөрөө дамжуулан дэлхийн болон орчин үеийн хөгжмүүдийг хүргэхээр зорьж байна. Тэгэхээр бид баярын ойн концертоороо ийм түвшинд тоглож чадна гэдгээ харуулах болно” гэдгийг яриандаа онцолж байв. Ийн Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын тоглолтын ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажиллаж байгаа бөгөөд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур симфони найрал хөгжмийн хоёрдугаар концерт”, Н.Жанзанноровын “Ятгын хоёрдугаар концерт” зэрэг сүүлийн таван жилд хийсэн шинэ сор уран бүтээлүүдээс эгшиглүүлэх нь ээ.
Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Зууны манлай дуучин, хатагтай Б.Сарантуяа, Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ц.Чимэдцэеэ гэх мэт уран бүтээлчид урилгаар оролцох гэнэ. Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд энэ сарын 20-нд тус чуулгыг үүсгэн байгуулагч, удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны баримтат киног толилуулах бөгөөд үргэлжлүүлэн эрдэм шинжилгээний хурлыг Улсын филармонийн концертын танхимд хийх юм байна.