Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Монгол Алт” аян Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжилж байна.
Аяны хүрээнд Монголбанк, Замын-Үүд Сумын Засаг Даргын Тамгын Газар, улсын болон аймаг орон нутгийн хууль хяналтын байгууллагууд хамтран “Монгол Алт” өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус суманд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр алтыг хил, гаалиар хууль бусаар нэвтрүүлэх явдалтай тэмцэх, улмаар таслан зогсоох зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, тулгарч буй бэрхшээл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.
Хэдийгээр “Монгол алт” аян гурван сарын хугацаанд хэрэгжиж байгаа ч цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ үргэлжилсээр байх болно. Тийм ч учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, мэдлэг мэдээлэл, арга туршлагаа харилцан солилцоход энэ удаагийн хэлэлцүүлэг бодит үр дүнгээ өгсөн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж талууд дүгнэв.