Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдоод буй Холливудын алдарт продюсер Харви Вайнштэйн Оскарын шагналыг гардуулах ёслолыг зохион байгуулдаг Америкийн Кино урлагийн академиас хөөгдсөн байна.
“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Америкийн Кино урлагийн академийн ТУЗ-ийн 54 гишүүн бямба гарагт Лос-Анжелес хотноо гурван цаг хуралдсаны эцэст Х.Вайнштэйныг гишүүнчлэлээсээ хасах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргасан байна.
Ингэснээр Х.Вайнштэйн нь Оскарын шагналд дахин нэр дэвших, тэр ч байтугай Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох эрхгүй болж байгаа юм.
Одоогийн байдлаар, Х.Вайнштэйны бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 30 гаруй болоод байна.
Х.Вайнштэйны бэлгийн дарамтад өртөж байсан гэх эмэгтэйчүүдийн дотор Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, Гвинэт Пэлтроу нар байгаа юм.
Өдгөө 65 настай Х.Вайнштэйны 300 гаруй бүтээл Оскарын шагналд нэр дэвшиж байснаас 81 нь Оскар хүртсэн билээ.
Х.Вайнштэйн гэж хэн бэ?
Оскарын шагналт продюсер Х.Вайнштэйн нь “Жанго эрх чөлөөгөө олсон нь”, “Дурласан Шекспир”, “Гэмт хэргийн зохиол”, “Тагнуулч хүүхдүүд” зэрэг томоохон кинонууд дээр ажиллаж байсан юм.
Тэрбээр 17 настайгаасаа ах Бобтойгоо хамтран кино хийж эхэлсэн бөгөөд тэд 1979 онд “Мирамакс” кино компанийг үүсгэн байгуулжээ.
Тэд энэ кино компаниа 1993 онд “Дисней” кино компанид худалдсан бөгөөд 2005 онд “Вайнштэйн” кино компанийг үүсгэн байгуулсан байна.
Г.Доржханд