Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам"-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож байна.
Наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино", “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналаар шагнах юм.
“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарсан бөгөөд 10 сарын 10-нд болох кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа нээлтээ хийж үзэгчдэд хүрэх юм байна. Түүнчлэн “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино”-ны шалгаруулалтын дүнг 2017 оны 10 сарын 10-ны өдөр шагнал гардуулах ёслолын ажиллагааны тайзнаа зарлах юм байна.