ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-нд ОХУ-ын Сахагийн бүгд найрамдах улсын «Триумф» спортын ордонд боллоо.
Нийт 44 мянган.ам.долларын шагналын сантай 10 дахь удаагийн тэмцээнд 26 орны 172 тамирчин найман жинд өрсөлдөв.
Манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дор З.Занабазар (57), Т.Түвшинтулга (61), Т.Тулга, А.Мөнх-Эрдэнэ (65), Э.Тэмүүлэн (70), З.Сумъяабазар (74), О.Үйтүмэн, Б.Нямбаяр (86), Б.Одсүрэн (97), М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ (125 кг) гэсэн 11 тамирчин хүч үзсэн юм. 86 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, цэргийн спортын наадмын хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн, 125 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, “Монголиа Опен”, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ-ий хүрэл, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий хошой мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Аварга” сургуулийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүрэл медаль хүртэв.
Тэд Дмитрий Коркинийн нэрэмжит тэмцээнээс Монголын бөхчүүдийн 24, 25 дахь медалийг (нийт 3 алт, 4 мөнгө, 18 хүрэл хүртсэн) эх орондоо авчирлаа.