Криптовалют руу хөрөнгө оруулалт хийх нь өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж Монголбанк мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Санхүүгийн тогтолцоонд мэдээллийн технологийн хурдацтай хөгжил, дэвшилтэй холбоотойгоор шинэ төрлийн бүтээгдэхүүн, хэрэгсэл олноор бий болж байна. Биткойн (Bitcoin) болон блокчейн (blockchain) технологи дээр суурилсан бусад криптовалютууд (cryptocurrency) үүний нэг жишээ юм.
Криптовалют нь Монгол Улсад албан ёсны хууль, эрх зүйн баримт бичгээр зохицуулагддаггүй, албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулинд Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг (5.1.25 заалт) “цахим мөнгө” гэж тодорхойлсон бөгөөд үүнд криптовалют хамаарахгүй юм.
Криптовалютуудыг зохицуулах тогтолцоо олон улсад ч хараахан боловсронгуй болоогүй байгаа бөгөөд, эдгээр хэрэгслээр хийгддэг гүйлгээ нь эрх зүйн нэгдсэн зохицуулалтгүй байгаа болно.
Иймд, эрх зүйн орчин нь тодорхойгүй бөгөөд үнийн савлагаа, тогтворгүй байдал өндөртэй криптовалют руу хөрөнгө оруулалт хийх нь өндөр эрсдэлтэй болохыг Монголбанк анхааруулж байна" гэжээ.
Сэтгэгдэл (8)