2000 оноос өмнөх Монголын эдийн засаг туйлын эмгэнэлтэй, нэн ядуу байсан. Экспортын орлого нь 200-500 сая долларт хэлбэлзэнэ. Үнийн дүнгийн 20-40 хувь нь Эрдэнэтийн зэсийн экспорт, үлдсэн нь малын гаралтай ноос, ноолуур, арьс шир, зэрэг түүхий эдүүд эзэлнэ. Нийт эдийн засаг нь тэрбум доллар давдаггүй. Социализмын үед Оросууд Монголын нутагт хайгуул хийж олон орд, илэрц бүртгэж тэмдэглэсэн боловч, тухайн үедээ алслагдсан нутаг тул нөөцөд бүртгээд үлдээсэн. 1990 он гарч улс орон нээлттэй болсны дараагаар энэ бүх геологи хайгуулын мэдээлэл нийтэд ил болсон. Гэсэн ч дэд бүтэц хөгжөөгүй гэдэг шалтгаанаар гаднынхан манай ордуудыг огт сонирхоогүй. Харин Хятад улсын эдийн засгийн өндөр өсөлт үргэлжилсээр 2006 онд Америк, Япон, Германы дараа орох дэлхийн 4 дэхь том эдийн засаг, түүхий эдийн хамгийн том хэрэглэгч болсон. Тэгээд зогсолгүй эдийн засгийн хэрэглээг нь дэлхийд олборлогдож буй түүхий эдийн нийлүүлэлт хангаж дийлэхгүйд хүрч ашигт малтмалын үнэ богино хугацаанд огцом өссөн. Ингээд өмнө нь хүний хараанд төдийлөн өртөөд байдаггүй байсан Монголын ашигт малтмалын ордууд энэ удаад харин бусдын сонирхлыг хамгийн ихээр татах болсон нь бидний хувьд том завшаан болсон.
Хонг-Конгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6.1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27.0 тэрбум Хонг-Конг доллар, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Оюутолгойн ордын эзэмшигч Айвенхоу майнз компани 424.9 сая ширхэг хувьцаа гаргаж 5.6 тэрбум канад доллар, Хонг-Конгийн хөрөнгийн биржид Ухаа худгийн нүүрсний ордыг эзэмшдэг Mongolia Mining Corporation 650 сая доллар, Австралийн хөрөнгийн биржид “Хүннү Коал” 20 сая долларын санхүүжүүлэлтийг тус тус татаж байсан нь Монголчууд модонд орсныг бүрнээ илтгэнэ.
Гаднын хөрөнгө оруулагчдаас дутахааргүй Монголын толгой баячууд бүгд шахуу өөрийн гэсэн ашигт малтмалын ордтой чаддаггүймаа гэхэд хувьцаа эзэмшигч болох гэж уралдан гүйж байсан цаг. Иймээс лицензийн наймаа энэ үед их газар авсан. Олон ч хүн мөнгөтэй болсон бас олон ч хүн модоо барьсан. Гаднынхан мөнгөө үзүүлж ирээд орд газар олдож л байвал юуных нь хамаагүй авах гэнэ ялангуяа Хятадууд. Монголчуудын зан л юм хойно хэлсэн ярьсандаа байна гэж огт байхгүй. Өмнөх өдөр нь худалдан авагчтайгаа лицензийнхээ үнэ ханшыг яг таг тохирчхоод маргааш нь утсаа авахгүй алга болно. Бодвол хэтэрхий хямд үнэ хэлсэн болохоор авах гээд байна гэж хардаа биз. Харамсалтай нь сайхан цаг удаан үргэлжлээгүй. Одоо нөгөө үнээ нэмээд пээдийгээд байсан гар тохиролцсон үнэнээсээ арав дахин хямд үнэ хэлээд ч зарж чадахгүй байсаар улсад хураалгасан сурагтай.
Энэ үед маш олон ордууд уул уурхайн төсөл болон хэрэгжиж Монголын эдийн засагт маш том нэмэр болсон. Нийт экспорт 6 тэрбум доллар давж түүний 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 10 тэрбум доллар давж үүний үйлдвэрлэлийн салбарын 70 хувийг уул уурхайн салбал дангаараа бүрдүүлж байсан. Иймээс уул уурхайн салбар манай улсад ямар өөрчлөлт авчирсныг саяны хоёр статистик тодорхой харуулаад өгөх байх. Харамсалтай нь энэ том боломж, энэ их өсөлтийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй нь дэндүү харамсалтай.
Төр нь яг л лицензийн наймаачин шиг аашилсан. Хөрөнгө оруулагчтайгаа хийх тохиролцоогоо хэдэн сар жилээр хойшлуулна. Арай гэж ойлголцоход эргээд зан нь хувираад алга болчихно. Гэнэтийн ашгийн татвар, олон нэртэй хуулийн төсөл боловсруулж дээрэм шахуу зүйл хийнэ. Энэ мэт манай төрийн үл ойлгогдох харилцаа нээх удаагүй гаднын хөрөнгө оруулагчдыг бараг бүгдийг гарч явахад хүргэсэн. Монголтой харьцсан хэдэн жилийн хугацаанд хөрөнгө оруулагчид ихийг ойлгоо биз. Уул уурхайн төсөл болж хөгжсөн ихэнх ордын анхны хөрөнгө оруулагчид нь хувьцаагаа өөр бусдад шилжүүлээд бүгд Монголоос гараад явсан. Хөрөнгө оруулахаар сонирхож байснууд нь дүүрч хөрөнгөө оруулж бүтээн байгуулалтаа хийгээд эхэлцэн байсан Хүннү Коал, Фрофеси Коал, Айвенхой Майнс, Совт Говь Сандс, Би Эч Би Биллитон бүгд өөрийн эзэмшлийн хувьцаагаа хямдхан зараад Монголоос гарч явцгаасан. Хаа очиж Монгол компаниуд болох Мак, Энержи Ресурс, Петро Матад гэсэн дотоодын хөрөнгө оруулагчид нь зууралдаад явжил байна.
Бид уул уурхайн алтан үед бүгдээрээ уул уурхайд л хөрөнгөө оруулчихвал том гарын бизнес эрхлэгч, асар их хөрөнгийн эзэн болно гэж нийтээрээ гэнэн мөрөөдөж байж. Монголын хамгийн том бизнес эрхлэгчид нийлээд босгосон Энержи ресурс компани улсад 7-8 төрлийн татвар тогтмол төлнө. Эдгээрийн 5-6 нь ашиггүй ажилласан ч төлөх нөөц ашигласны, ус ашигласны агаарын бохирдол, гаалийн татвар зэрэг багтана. Мөн ашигтай ажиллавал орлогын албан татвар нэмэгдэнэ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дан Энержи Ресурс гэх компани 1 их наяд төгрөгийн татвар улсын төсөвт хуримтлуулсан байна. Дээр нь сум орон нутагт төвлөрүүлсэн татвар, хураамжууд нэмэгдэнэ. Мөн дотоодын 3500 аж ахуйн нэгжүүдээс 3.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийсэн байна. Уул уурхайн салбар нь бусад бизнесийн салбаруудыг бодвол харьцангуй хүнд аж үйлдвэрлэл тул энэ салбарын ажилчдын цалин хөлс бусад салбаруудаасаа хамгийн өндөр байдаг дээр 4000 ажлын байр бий болгосон байдаг. Ганц “Энержи Ресурс” ХХК-ын улс орондоо бүтээн бий болгосон үр өгөөжийг дурдахад л ийм байна. Харамсалтай нь “Энержи Ресурс” ХХК нь хөрөнгө оруулгчиддаа сүүлийн 5 жилд ганц мөнгөний ноогдол ашиг хувиарлаагүй байдаг.
Уул уурхай нь тухайн улсдаа өгөөж өндөртэй хэдий ч хөрөнгө оруулагчидад түмэн бэрхшээл дагуулдаг зовлонтой бизнес. Иймээс уул уурхайгаа түшиглэн хөгжиж чадсан Австрали, Чили улсын туршлагаас судлахад засгийн газар нь хөрөнгө оруулагчиддаа найр тавин хамтарч ажилладаг. Харин манай улсад хөрөнгө оруулагчид нь засгийн газрыг гуйдаг зүй тогтолтой болчхож. Эдийн засгийн хямралыг энэ олон уул уурхайн компаниуд нуруун дээрээ үүрсээр Монголын эдийн засгийг өнөөдөртэй учруулсан гавьяатнууд хэдий ч өөрсдөдөө бол нэг төгрөгийн ч ашиг хийж чадаагүй байдаг. 2017 он сайхан жил болж ашигт малтмалын үнэ буцаад сэргээд ирлээ. Эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа салбар нь ч уул уурхай л байна.
Энэ өсөлт хэр удаан үргэлжлэхийг сайн мэдэхгүй ч өмнөх үед хэрэгжсэн төслүүдээс өөрөөр ашиглалтанд орох уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийн нэрс огт сонсогдохгүй байна. Бодвол гаднынхан ч тэр, дотоодынхон ч тэр зүрх нь үхцэн юм билүү. Хамгийн сонирхолтой нь Өнөөгийн Монголын хамгийн том гэсэн бизнес эрхлэгчдээс дахиад уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол хэвээрээ юу гэж асуувал юу гэж хариулах бол?
Сэтгэгдэл (8)