“Мөнхийн залуу Одгэрэл” гэдэг шиг
мөнөөх л хэвээрээ Нарансолонго бумбайчихаад, эгдүүтэй, үргэлж л
наснаасаа залуухан харагддаг нэгэн. Тэгвэл жүжигчин Г.Нарансолонгын
тухай 24 баримтыг хүргэж байна.
1. “Х Түц” хамтлагийн жүжигчин Гансүхийн Нарансолонго гурван хүүхэдтэй айлын ууган хүүхэд болж мэндэлсэн. Айлын том ч гэсэн тэрээр багадаа маш эрх дураараа мөн даруухан хүүхэд байжээ. Гэхдээ хүүхэд л болсон хойно дүрсгүйтэх үе байлгүй яахав.
2. Г.Нарансолонгын эцэг, эх нь насаараа хүнсний байгууллагад ажилласан хүмүүс байдаг аж. Тэд мэргэжилдээ их хайртай. Одоо ч ажилсаар байдаг гэнэ шүү.
3. Тэрээр дөрвөн настайдаа Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бүтнээр нь ягштал цээжилж байсан гэдэг. Багадаа эмч эсвэл багш болохыг хүсдэг байжээ.
4. Арван жилд байхдаа янз бvрийн секц, дугуйланд их явдаг байжээ. Наймдугаар ангиасаа эхэлж “Хүүхдийн ордон”-ын жүжигчний ангид сурдаг байсан.
5. Ерөнхий боловсролын 84 дvгээр сургуулийг төгсөөд 1998 онд СУИС-ын кино драмын ангийн оюутан болсон. Улмаар 2002 онд их сургуулиа төгсөөд “Х Түц” хамтлагын гишүүнээр элсчээ. Тэр үед түүнийг нэгэн ахмад уран бүтээлч “Харцаараа бүхнийг асууж цоо ширтсэн, ухаалаг, сэргэлэн, энэ ч хол явах охин дог оо” хэмээж байсан гэдэг. Алтан үеийн ахмад жүжигчин түүнийг зөв таньжээ. Үнэхээр жүжигчин Г.Нарансолонго мэргэжилдээ өсч өндийж, тайз дэлгэцнээ олон сайхан дүр бүтээсэн.
6. Жvжигчин Өөдөө, Ундрал, хvvхдийн нэвтрvvлгийн “Улаан малгайт ах” зэрэг нь Г.Нарансолонготой нэг анги байжээ. Мөн тус хамтлагийн жүжигчин Төвшинтөр байна. Энэ хоёр жүжигчин маань сургуулиа төгсөөд хамт “X ТVЦ” хамтлагт орсон аж.
7. Их сургуулийнхаа багш нарын тухайд: Бидэнд ур чадварын хичээлийг манай найруулагч Найдандорж багш, тайзны яриаг УГЖ Сувд багш заасан. Ийм сайхан хvмvvсийн эрдэм чадлыг өвлөж авсан болохоор бид олон тvмэндээ vйлчилж, ашиг тусыг нь бусдад тvгээж явах учиртай.
8. “Х Түц” хамтлаг: Ямар ч хамтлаг чанартай уран бүтээл хийхийг эрмэлздэг. Манай хамтлагийн хувьд залуу уран бүтээлчдийг их дэмждэг. Залуу уран бүтээлчдийн гарч ирэх, өсөх бололцоог хангаж өгдөг. Анзаарч байхад бусад хамтлагаас илүү манай “Х-Түц”-ийн олон залуу уран бүтээлч ямар ч төрөл жанрт тоглож байгаа нь ажиглагддаг. Манай хамтлаг “Хэн чадаж байгаа нь хийнэ” гэсэн уриатай.
9. Мөрөөдөл: Угаасаа л амьдрал ямар нэг мөрөөдөл, зорилгогүй бол утгагүй. Бага байхад мөрөөдөх мөрөөдөл их дэврүүн, хийсвэр гэгээн байдаг. Томроод ухаан суугаад ирэхээр биелэх боломжтой, хүрч чадах тийм зүйл мөрөөддөг болдог. Би байна шүү, аймар гоё театртай болоод түүндээ өдөр бүр шинэ жүжиг тавьж, үзэгчдийг пиг дүүрэн цуглуулаад л явахыг мөрөөддөг. Үүнийг би биелүүлнэ ээ.
10. Жүжигчин мэргэжилээ тодорхойлохдоо: Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ оёдолчин хүн өдөр бүр ажил дээрээ юм оёно. Багш хүн өдөр бүр хүүхдүүддээ хичээлээ л заана. Харин миний мэргэжил бол эднээс огт өөр. Би нэг өдөр багш болж болно. Дараагийн өдөр оёдолчин болж болно. Энэ мэтчилэн амьдралыг илүү сонирхолтой, баялаг болгож өгдөг. Өдөр бүр би шинэ дүрд тоглоно. Энэ чинь л сайхан нь. Дээр нь амьдралын сайн сайхнаас авахуулаад муу муухай бүхий л зүйлсийг бид үзэгчдэд инээдэм болгон хүргэж, бас зарим нэгэнд бодогдуулах зүйл хийж байна. Тэгэхээр миний мэргэжил бусад мэргэжлийн хүмүүсийн хажууд хоёр дахин амьдарсантай ижил энерги өгдөг.
11. Хайр дурлалын тухайд: Дурлал гэхээр зүгээр л явж байхад сайхан хүн зөрдөг дөө. Тэр үед л хөөх ямар дажгүй юм бэ гэж бодоод өнгөрдөг. Энэ бол дурлал. Өөрөөр хэлбэл, сайхны өмнө харц буруугүй гэдэг би түүнийг дурлал гэж ойлогодог. Тухайн нэг агшинд л нүд баясгасан тэр хүнийг хараад л дурладаг гэж болно. Хайр бол өөрөө агуу зүйл шүү дээ. Яг тэр энэ гээд хэлчихсэн албан ёсны тооны томъёо шиг юм байдаггүй. Хэрвээ хайр бол тийм зүйлийг хэлнэ ээ гээд тодорхойлчихвол хайр “агуу” чанараа алдчихна. Тийм болохоор хайр бол мөнхийн чанартай агуу зүйл юм болов уу.
12. Дуртай бэлэг: Миний хэрэгтэй юмыг л мэдэрч өгч чадсан бол тэр бэлэг миний хамгийн дуртай бэлэг. Гэхдээ хүн бүрийн өгсөн бэлэг надад л зориулж өгч байгаа гэдгээрээ сэтгэл нь сайхан байгаа байхгүй юу. Тиймээс сэтгэл шингэсэн бэлэг бүхэнд би дуртай.
13. Багадаа авч байсан хамгийн гоё бэлэг: Хүүхэд байхад уут дүүрэн алим авч байсан нь хамгийн гоё бэлэг байсан байх аа. Юм бүхэн ховордсон картын барааны үе байсан болохоор тэр байх л даа.
14. Сэтгэл санаагаар унасан үедээ тэрээр хоёр хүүхдээ хараад л хамаг юмаа мартагддаг аж.
15. Дурсамж: Анх жүжигчин болчихоод нэг жүжигт Б.Баатархүү ахтай тайзан дээр дуулдаг хэсэгт гарав аа. Тэгээд яг би дуулж байсан чинь техникийн саатал гараад хөгжим нь унтарчихсан. Тэгэнгүүт би шууд тайзан дээр л уйлчихсан. Тэгсэн Б.Баатархүү ах миний нүүрийг цэцгээрээ хаагаад тайзны арлуу аваад орчихсон. Одоо бол тэгэхгүй л дээ. Жүжигчин хүн тэр бүү хэл саатал гарахад үзэгчдийн өмнө өөрийгөө цэвэрхэн аваад гарчих чадвартай л байх ёстой юм билээ. Мөн анх “Зүүд шиг хайр” кинонд тоглож байхдаа дээлэн дээр халаат өмсдөг хэсэг байдаг. Би тэр хэсгийн зураг авахуулахдаа маш их дургүй. Дээлэн дээр халаат өмсөхөөр муухай бас бvдvvн харагдана биз дээ. Тэгээд кинон дээр гоё гарахын тулд зураг авалтын өмнө нөгөө халатаа өмсөхгvйн тулд нуучихлаа. Зураг авалт эхлэнгvvт л найруулагч маань “Хөөе, халаатаа яасан, халаатаа өмсөөч” гээд л бөөн юм боллоо. Бvгдээрээ нөгөөх халатыг хайгаад олоогvй. Найруулагч маань улам уурлахад нь би “Энд л байна шvv дээ” гээд нуусан газраасаа гэмгvй царайлаад гаргаад өгчихөж билээ. Гэтэл одоо эргээд vзэж байхад тэр халат л миний дvрийг vнэн бодитой болгож, улам товойлгож өгч байсан юм билээ. Vvнийг найруулагч минь сайн мэдэж байсан хэрэг. Гэтэл би гоё сайхан харагдахаа л бодсоноос бус дvр бvтээхэд бvхий л хvчин зvйлс нөлөөлдгийг мэддэгтvй л байж. Vvнээс эхлээд ихийг сурсан.
16. Баярын өдрүүдийг тэр бүр тэмдэглэж өнгөрөөж чаддаггүй нь ойлгомжтой. Яагаал гэвэл хүмүүсийг хөгжөөх маш олон тоглолтуудтай байдаг шүү дээ. Гэхдээ жүжигчин маань ээжийгээ баярлуулж цэцэг, оргилуун дарсаа бариад ордог уламжлалтай гэнэ.
17. Г.Нарансолонгод ард түмэн авъяаслаг, ухаантай, даруухан бүсгүй хэмээн ам сайтай байдаг. “Мөнхийн залуу Одгэрэл” гэдэг шиг мөнөөх л хэвээрээ Нарансолонго бумбайчихаад, эгдүүтэй, үргэлж л наснаасаа залуухан харагддаг нь түүний онцлог гэлтэй.
18. Нарансолонго жүжигчин С.Тэмүүжин нарын хоёр дахь хүүхэд нь 2010 онд цэргийн баярын өдөр төрсөн юм. Хосууд хүүдээ Т. Анар-Од гэдэг нэр хайрласан бөгөөд одоо хоёр настай билээ.
19. Саяхан хосууд маань "Temka`s Family" нэртэй хамтлаг байгуулан "Жаргалтай гэр бүл" дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн.
20. Жvжигчин бvсгvйн маань анхны амьдрал тийм ч бүтэлтэй байгаагүй. Том охин нь өдгөө 12 настай. Ууган хүүхдийнх нь аав Германд найруулагчийн мэргэжлээр суралцаад ирэхдээ сэтгэл нь хувирчихсан байсан гэдэг. Ингээд тэрээр охиноо ганцаараа өсгөж улмаар жүжигчин С.Тэмүүжинтэй гэрлэсэн билээ.
21. Тэмкагийн аав, ээж ч эрх танхи хvvгээ хvvхэдтэй эмэгтэйтэй нийлэхэд нь эсэргvvцэж байсан нь мэдээж. Гэвч хайр сэтгэлээрээ нийлж байгаа хүмүүсийг яалтай ч билээ. Харин Г.Нарансолонгоос хэдэн насаар дүү Тэмка хүүтэй болсон ч эрх зангаа тавилгvй Солонгоодоо эрхлээд сууж байдаг аж. Ямартаа л Нарансолонгын найзууд “Манай хvн ч гурван хvvхэдтэй л юм шиг байх юм. Удахгvй алдарт эх болох нь ээ” гэцгээдэг юмсанж.
22. Хөгжилтэй дурсамж: Бэлэн гоймонг ч идэхийг vзvvлдэг байсан гэнэ. Бvр хайрцгаар нь худалдаж авчихаад өдөр, оройн хоолондоо зооглоно. Харин усаа буцалгах гэж л бөөн юм болдог байжээ. Нэг өдөр түүний ангийнхан мэргэн санаа олж байж. Энэ нь 10 литрийн бетонд ус дvvргээд нэг нь гэрээсээ дvрдэг плитка авчраад усаа буцалгасан чинь бетоныхоо дээд талд учиргvй пор пор гэж буцлаад л, харин доод тал нь цэв хvйтэн ус их байсан гэнэ шүү.
23. Түүний тоглосон жүжгүүдийг дурьдаад хэрэггүй байх. Харин киноны хувьд, “Миний хөрш чөтгөр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “ Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Зүүд шиг хайр” гэх мэт уран сайхны кинонд дүрээ бүтээсэн.
24. Түүний хэлсэн зовлон, жаргал ээлжилж байж л амьдрал утгатай болдог гэсэн хатуу бөгөөд үнэн үгээр энэ удаагийнхаа 24 баримтыг өндөрлөе.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (22)