2017 оны нэгдүгээр улирлын байдлаар Жолоочийн даатгалын сан /ЖДС/-д 9.8 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Жолоочийн даатгалын тухай хуулиар тус санд төвлөрсөн хөрөнгөөр жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан, түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугатаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учирсан хохирлыг нөхөн төлдөг.
Тус санг бүрдүүлж, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг Хорооноос зөвшөөрсөн дүрмийн дагуу Албан журмын даатгагчдын холбоо эрхлэн явуулж буй бөгөөд Холбоо 2013 оноос хойш нийт 210 даатгалын тохиолдлын хохирогчид 492.8 сая төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.
Албан журмын даатгалд даатгуулаагүй жолооч осол гаргасан бол хохирогч Холбооны шуурхай албаны 70101177, цагдаагийн 102 дугаарын утсанд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд нөхөн төлбөр авах талаарх ЖДС-гийн 70001277 дугаарын утсаар авах боломжтой. Сан хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээд буцаан төлүүлдэг тул жолооч та хариуцлагын даатгалд даатгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатайг анхааруулж байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.