Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Дэлхийн банкны бүлгийн Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Мөнхбат хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлоод Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж буйгаа дурдлаа. Мөн Дэлхийн банк нь ОУВС-тай хамтран ажиллаж, манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлэх гэж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлэв.
Ноён Жейсон Алфорд, та бүхнийг засгийн эрх авахад танай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг бид мэднэ, одоо тогтворжиж сэргэх хандлагатай болж байгаад бид ч баяртай байна гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлогын түвшинд тодорхой бүтэц байгуулан ажиллаж байгаа нь бусад улс орнуудад сайн туршлага, сайн жишээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ давахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй, гэхдээ хөрөнгө оруулагчдын мөнгөн гүйлгээг зөвхөн Монголын банкаар дамжуулах байдлаар хязгаарлах нь эдийн засагт сөрөг тал ихтэй гэж Жейсон Алфорд хэлэв. Тэрээр энэ харилцааг зохицуулсан парламентын шийдвэрээ эргэж харж байгаа эсэхийг сонирхож, хэрвээ УИХ шийдвэрээ тодорохой болговол Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар ОУВС, Дэлхийн банкны зүгээс шийдвэрээ богино хугацаанд гаргахад бэлэн гэв.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Зарим том төслүүдийн орлогыг Монголын банкаар дамжуулах тухай зохицуулсан УИХ-ын тогтоолыг эргэж харах, өөрчлөх чиглэлээр УИХ дахь олонхийн бүлэг улс төрийн нэгдсэн шийдвэрээ гаргасан. Удахгүй, энэ долоо хоногтоо багтаад УИХ эцсийн шийдвэрээ гаргана. Түүний дараа ОУВС манай улсад хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны шийдвэрээ баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Манай улс өмнө нь ОУВС, Дэлхийн банктай олон удаа хамтарч ажиллаж байсан. Энэ удаагийн хамтын ажиллагаа маань ч урьдын адил үр дүнгээ өгнө, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа сайд Ж.Мөнхбат илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (3)