Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар банкнаас бусад санхүүгийн салбарын оролцогчдод тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг 30 асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл,төвлөрсөн болон арилжааны тооцоо, ьөлбөрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олголоо. 2003 оноос хойш “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үйл ажиллагаа явуулж байсныг Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоолоор 2016 онд хоёр салган, дээрх компаниудыг байгуулсан бөгөөд Сангийн сайдын томилсон төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлага дор үйл ажиллагаа явуулж байна.
Монголын ипотекийн корпораци буюу “МИК ОССК” ХХК-ийн өнгөрөгч оны наймдугаар сард байгуулсан “МИК актив арван хоёр” ХХК тусгай зориулалтын компанид үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тус компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ. “МИК актив арван хоёр” ХХК нь тус бүр 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 2.7 сая ширхэн үнэт цаас гаргаж буй юм. Хорооны тогтоолоор “МИК ОССК” ХХК болон “МИК актив арван хоёр” ХХК-д баталгаат үнэт цаасаар баталгаажиж буй зээлийн багцыг даатгуулагчдын хүсэл сонирхолд нийцсэн, хүртээмжтэй хэлбэрээр урт хугацааны даатгалд хамруулах ажил зохион байгуулахыг даалгаж, анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч банкинд хяналт тавьж ажиллахыг Монголбанкинд зөвлөв.
Түүнчлэн Хорооны хуралдаанаар “Стандарт агрикалчер групп” ХХК-ийг “Уужимхангай” ХК-д, “Анумаргад эрдэнэ ББСБ” ХХК-ийг “Даймондкапитал ББСБ” ХХК-д, “Туусжам ББСБ” ХХК-ийг “Ашивтүвшин финанс ББСБ” ХХК-д тус тус нэгтгэхийг зөвшөөрлөө. Үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нэг ББСБ-д факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгосон бол шинээр байгуулагдсан нэр бүхий 5 ББСБ, 3 ХЗХ-нд тус тус тусгай зөвшөөрөл олгов. Мөн ихэнх нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 8 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг сунгаж, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч хоёр компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байсныг сэргээв. Түүнчлэн Улаанбаатар хотноо ажиллаж байсан “Гровиса финанс” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.