Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Олон улсын валютын сан /ОУВС/-гийн төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийж, “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг хамтран хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь бүтцийн алдаанаас хамаарч эдийн засгийн өсөлт саарсан, төлбөрийн тэнцэл ихээхэн хүндрэлтэй байгаа улс орнуудад зориулагдсан хөтөлбөр бөгөөд цаашлаад урт хугацаанд өргөн хүрээтэй арга хэмжээг хэрэгжүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 3 жилийн хугацаатай, 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд мөн ОУВС болон олон улсын байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийт 5,5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авах юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татварыг 2018 оноос тус бүр 1 хувь нэмэгдүүлэх бөгөөд шатахуун, архи, тамхи зэрэг 6-7 орчим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн урт хугацаандаа тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх талаар ОУВС-тай тохиролцоонд хүрсэн байна. Ингэснээр Монголбанк банкны салбарт шинэчлэл хийх, банкуудад хөндлөнгийн үнэлгээ хийлгэн, банкуудын бодит байдлыг тогтоох, тэр дагуу дүрэм журамдаа өөрчлөлт оруулах үүрэг хүлээж байгаа юм.
Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүйгээс төсвийн алдагдал ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, үүнийг дагаад өндөр хүүтэй үнэт цаас гаргах замаар төсвийн алдагдлыг санхүүжүүлж байсан зэрэг нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдүүлж, хүүгийн төлбөрийн дарамтыг өсгөснөөр төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байгаа юм. Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах, цаашид дунд хугацаанд өсөлтийг хангахын тулд Олон улсын валютын сантай хамтран дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ үеэр онцоллоо.
Энэхүү хэлэлцээ нь ажлын хэсгийнхний түвшинд хийсэн тохиролцоо юм. Дараагийн шатанд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл асуудлыг баталгаажуулснаар хөтөлбөр албан ёсных болох аж.
Сэтгэгдэл (27)