Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох албан ёсны шийдвэр гарч бага хүүтэй орон сууцны зээл хэрэгжихэд бэлэн болоод байгаа.
Тэгвэл таван хувийн зээлийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Засгийн газар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг энэ оны гуравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлав.
Баримт 2. Засгийн газар Монголбанк болон банкууд бусад оролцогч байгууллагуудтай холбогдох гэрээ хэлцлийг үзэглэснээр зээлийн үйл ажиллагааг эхлэх боломжтой болно.
Баримт 3. Таван хувийн зээлд бүх иргэн хамрагдах боломжтой.
Баримт 4. Харин орон сууцны байршлын хувьд хязгаарлалт тавьж байгаа аж.
Баримт 5. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай, 21 аймгийн нутаг дэвсгэрт тус хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулна.
Баримт 6. Харин бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзжээ.
Баримт 7. Орон сууц худалдан авсан 18450 өрх таван хувийн зээлд шилжинэ. Тодруулбал нийслэлд 945, орон нутагт 17000 орчим зээлдэгчийн зээлийн хүү 8-аас 5 болж буурах юм байна.
Баримт 8. Зээл үнэлгээний харьцаа, өр орлогын харьцааны шаардлага хэвээрээ байна. Нэгэнт зээлийн хүү буурч байгаа учраас зээлдэгчийн сард төлөх зээлийн төлбөр багасна, тиймээс өрхийн орлогын босго намсаж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх болно.
Баримт 9. Орон сууцны зээлийн төсөөллөөр энэ онд Улаанбаатар хотод 4900 зээлдэгч шинээр нэмэгдэх байсан бол хүүг таван хувь болгосноор нэмж 1357 зээлдэгч шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Баримт 10. Сарын 900 мянган төгрөгөөс нэг сая 300 мянган төгрөгийн орлоготой өрхийн зээлдэгчийн тоо илүү хурдацтай нэмэгдэхээр байгаа аж.
Баримт 11. Харин хөдөө орон нутагт зээлийн нөхцөл өөрчлөөгүй үед зээлдэгчийн тоо 1773-аар өсөх байсан бол таван хувь болгосноор 1716 зээлдэгчээр нэмэгдэх тооцоотой байгаа юм байна.
Баримт 12. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд энэ онд 4915 айлын орон сууц ашиглалтад орно гэж үзэж байгаа. Харин хөдөө орон нутагт энэ онд 7177 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байгаа гэнэ.
Баримт 13. Зээлийн журамд заасан байршлуудад аль хэдийнэ орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан болон одоогоор зээлийн шийдвэр нь гараад санхүүжилт нь хүлээгдэж буй бүх иргэн таван хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжтой.
Баримт 14. Хөдөө орон нутагт нийт 17071 зээлдэгч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 434 зээлдэгч, алслагдсан дүүргийн 945 зээлдэгч байгаа юм.
Баримт 15. Харин найман хувийн зээлээс таван хувийн зээл рүү шилжих иргэд байрны ипотекийн зээл авсан банк, эдийн засагчдаа хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай.
Баримт 16. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанк ипотекийн эхлэлийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байсан. Харин одоо энэ хууль батлагдсанаар тус сангийн хөрөнгөөс бий болох мөнгөн урсгалаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх юм.
Баримт 17. Энэхүү хуульд заасны дагуу Монголбанкны өмчлөлд буй ипотекийн зээлээр баталгаажсан бонд, банкнаас авах ипотекийн санхүүжилтийн авлагыг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн авч сангийн эхлэл хөрөнгийг бүрдүүлнэ.
Баримт 18. Орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн хувь хэмжээ болон зээлээр худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны нийт талбайн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн болон Монголбанкны Еренхийлөгчийн хамтарсан тушаалаар тогтоох бөгөөд талбайн хязгаарлалтад өөрчлөлт ороогүй юм байна.
Баримт 19. Ипотекийн зээлийн хүүг 14 хувийн инфляцитай байхад жилийн найман хувийн хүүтэй байхаар тогтоож олгож эхэлсэн. Харин инфляци 1.7 хувьд хүрээд байгаа энэ үед найман хувийн хүү тийм бага биш болчихоод байгаа аж.
Баримт 20. Монголбанк цаашдаа ч инфляци ийм нам дор түвшинд тогтвортой байна гэж таамаглаж байгаа учир зээлийн хүүг, тэр тусмаа орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзжээ.
Баримт 21. Орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байх шаардлага Монголбанкны ипотекийн зээлийн үйл ажиллагаа зохицуулсан журамд байгаа.
Баримт 22. Зээлийн хүү 5 хувь болох ч урьдчилгаа төлбөр 30 хувиас буурахгүй гэдгийг албаны хүмүүс онцолсон.
Баримт 23. Харин Засгийн газар зорилтот бүлгийн иргэдэд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөхөд хөнгөлөлт үзүүлж болох юм байна. Урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийн хэмжээ, нөхцөл, хамрагдах зорилтот бүлгийн шалгуурыг Засгийн газар тодорхойлж, холбогдох журмаар зохицуулагдах аж.
Баримт 24. Таван хувийн хүүтэй зээлийг олгохдоо иргэдэд чухам ямар шалгуур тавих вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (26)