Дорнод аймгийн Прокурорын газрын 2015 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн прокурор Т.Ууганбаатар, Цагдаагийн газрын удирдлага, Онцгой байдлын алба, хүний эрхийн комиссын Дорнод аймаг дахь салбарын ажилтан, албан хаагчид, урлагийн багаас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан сумдад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаанд ажилласан байна.
Аймгийн Прокурорын газраас эдгээр сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2014 он, 2015 оны байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлыг шалган танилцан, зааварчлага өгөхийн зэрэгцээ сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, Монгол улсын Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд 9 төрлийн гарын авлага, хэвлэмэл хуудаснуудыг тарааж, сонирхсон асуултанд хариулт өгчээ.
Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, хүний эрхийн комиссийн эрх бүхий албан тушаалтнуудаас өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр тус тусын мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд энэхүү үйл ажиллагаанд сумдын төр захиргааны байгууллага болон ард иргэд өргөнөөр, идэвхи санаачлагатай оролцжээ.
Дээрх 4 сумдаас гадна 2015 оны хагас жилийн байдлаар аймгийн Прокурорын газраас бусад 7 сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж шалгасан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийт сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутагт хэрхэн зохион байгуулж ажиллах талаар зааварчлага, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай прокурорын мэдэгдэл тус тус бичиж хүргүүлсэн байна.