Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг Налайх дүүрэгт осолдсон талаар манай сайт шуурхай мэдээлсэн.
Уг осол оройны 21.00 цагийн үед гарсан байна. Налайх дүүргийн иргэдийн хэлж байгаагаар "Осол болсны дараа их хэмжээний гал гарч байсан. Онгоцны их биеийн тал хэсэг нь галд өртсөн байж болох юм" гэлээ.
Ослын ойр орчимд иргэдийг нэвтрүүлэхгүй, цагдаагийн хамгаалалтад авсан учраас нисдэг тэрэгний аль хэсэг шатсаныг мэдэх боломж хомс байлаа. Ямартай ч нисдэг тэрэг хажуу талаараа унасан нь харагдаж байв. Албаны эх сурвалжийн хэлж байгаагаар нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 200 метрийн зайд 310 орчим метр өндрөөс унаж осолдсон байна.
Осолдсон нисдэг тэргэнд 11 хүн явж байсан бөгөөд 1 хүн амь насаа алдсан юм. Харин 10 хүн цэргийн төв госпиталд яаралтай хагалгаанд орсоноос хоёрынх нь биеийн байдал хүнд байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Налайх дүүргийн 5-р хороо “Зэвсэгт Хүчний 337-р ангийн нисдэг тэрэг осолдож хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад, тус ангийн төлөвлөгөөт нийслэгийн дагуу нислэг үйлдэж байсан “МИ-8“ нисдэг тэрэг осолдож порт механик ажилтай ХУД-ийн 9-р хорооны иргэн 37 настай эрэгтэй Б нь нас барсан, зорчиж явсан 10 алба хаагч гэмтэн БХХСАХНЭ-т хүргэгдэн эмчлэгдэж байгаа. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна" гэлээ.
Мөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хурандаа С.Дашзэвэг "Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас 37 настай ахмад Н.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
"Одоогоор ажлын хэсэг гарч осол юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна" гэсэн юм.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн үед онгоцыг тус ангийн хурандаа н.Отгонбаяр жолоодож явсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (13)