Дархан-Уул аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй этгээдүүдээс үйлдсэн гэмт хэргийг гаралтыг 2014 он, 2015 оны байдлаар харьцуулан судлахад 2014 онд 24 хэрэгт 33 насанд хүрээгүй хүүхэд холбогдсон байхад 2015 онд 37 хэрэгт 57 насанд хүрээгүй этгээд холбогдож гэмт хэргийн гаралт 64,9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Иймд тус прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газартай хамтран 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар “ял хойшлогдсон” хүүхдүүд болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг эхчүүдэд зориулж “НЭГ Л АЛДВАЛ” гэх сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Мөнхтуяа “Хэрхэн сайн эцэг, эх байх вэ?” сэдвээр, Хяналтын прокурор Г.Яндаг “МУ-ын Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хуулинд заасан хүүхдэд оногдуулах ял шийтгэлийн тухай, ял хойшлуулсан үед эцэг эх асран хамгаалагчийн үүрэг” сэдвээр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярчимэг “Хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл ба хуулийн хариуцлага” сэдвээр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мягмармаа “Ял хойшлуулах хүсэлт гаргах журам, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, Уг сургалтанд 54 хүүхэд, тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдаж, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл өгч хамтран ажиллалаа.
Сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс “Миний мөрөөдөл” ЭССЭ бичүүлж, “Уучил” сэдвээр ярилцлага өрнүүлж хүүхэд эцэг эхчүүд амжилттай оролцлоо.