Монгол Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан 2015 оны 1-дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Прокурорын мэргэжлийн зэрэг тогтоох шаардлага, Прокурорын сургалтын хөтөлбөр, Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар, Хэргийн тооллого хийх журмын төслийг болон 2015 оны тэргүүний прокурор шалгаруулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 “Зэрэг дэв олгохдоо албан тушаалын ангилал, ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана“ гэж заасны гадна мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн шалгаж, дүгнэх Улсын Ерөнхий прокурор толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана“ гэж заасан хуулийн эдгээр заалтын хүрээнд прокуроруудад мэргэжлийн зэрэг тогтоож, улмаар тухайн мэргэжлийн зэрэгт нийцсэн цалингийн нэмэгдэл байж болох асуудлын талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат танилцууллаа. Энэхүү асуудлыг нарийвчлан судлаж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Прокурорын Сургалтын төвөөс боловсруулсан “Прокурорын сургалтын хөтөлбөр”-ийн төсөлд зааснаар прокуророор 4 жил хүртэл ажилласан, 4-өөс дээш жил ажиллаж байгаа гэсэн 2 шатлалтайгаар прокуроруудыг сургалтанд хамруулж, жилд нийтдээ 184 цаг, 23 кредит цагийн сургалт явуулсан байхаар тусгасан байна.
Түүнчлэн прокурорын сургалт нь нэгдсэн сургалт, салбар эрх зүйн сургалт, цахим бүртгэлийн сургалт, дадлагажуулах сургалт гэсэн хэлбэртэй байхын зэрэгцээ зөвлөлийн гишүүдээс гаргасан саналын дагуу ажлын байрны буюу зорилтот сургалт гэсэн хэлбэртэйгээр сургалтыг зохион байгуулж байхыг “Прокурорын сургалтын хөтөлбөр“-т тусгахаар тогтов. Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар, Хэргийн тооллого хийх журам”-ын төслүүдийг тус тус хэлэлцэж баталлаа.
Зөвлөлийн хуралдаанаар 2015 онд эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гаргаж ажилласан прокуроруудыг шагнаж урамшуулахаар тогтов.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)