Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Албан байгууллага, найз нөхдөөрөө шинэ жилийн баяраа тэмдэглэж, хаа сайгүй баярын уур амьсгал оржээ.
Тэгвэл энэ үед “Pink tower” констракшн сэтгүүлчдийн хамтаар хотын захын хорооллын өрхийн хүүхдүүдийг баярлуулахаар сайн үйлсийн аян зохион байгууллаа.
Сайн үйлсийн аян эхлүүлж бяцхан хүүхэд, ядарсан түмэн олноо баярлуулах гэж яваа тэд хотын захаар амьдардаг айлуудаар зочилж гарын бэлэг, гурил, тос, мод, нүүрс гээд хүний ахуй амьдралд нэн шаардлагатай зүйлсээр бэлэг барьсан юм.
Эмзэг бүлгийн, амьжиргааны түвшин доогуурт тооцогдох тэдгээр айлууд дунд маш олон бага насны хүүхэдтэй ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, биеийн байдал муу өрхүүд их байсныг дурдах нь зүйтэй биз ээ.
Тэд "Хүнд тус илүүддэггүй. Бидэнд ганц шуудай нүүрс ч өгсөн маш их баярлах болно. Ард иргэдийн амьдрал маш хэцүү байна. Түлэх мод, галлах нүүрсгүйгээс болж өвлийн хүйтэнд хөнжил дотроо орж дулаацах үе зөндөө бий. Өнөөдөр та бүхнийг сэтгэлийн дэм хайрлаад ороод ирж байгаад маш их баярлаж байна" гэж байлаа.
Харин "Pink tower” констракшний Ерөнхий захирал Б.Энхбаяр "Бид ямар нэг сонгуулийн эсвэл сурталчилгааны ажил хийх гэсэнгүй. Гагцхүү Монголын ард түмэн энэ хүнд хэцүү цагт нэгэндээ сэтгэлийн дэм хайрлаж хэн нь ч унаж бүрдэхгүйгээр нэгнээ түшиж тулан дээшээ босох ёстой гэдэг сэтгэлээр бяцхан хүүхдүүд, өрх толгойлсон ээжүүдийг баяруулж байна. Бид жил болгон боломж бололцоогоороо энэхүү сайн үйлсийн аянг өрнүүлэхийг эрмэлздэг" гэлээ.
Д.Дуулим