Улс төрийн шинжтэй гэж нэрлэгдээд буй Л.Гансүхийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж өнгөрлөө. Хувьдаа 5 тэрбум төгрөг завшсан гэх уг хэргийг шүүх хурал өчигдөр 22 цаг хүртэл үргэлжилсэн. Ингээд давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд анхан шатны шүүхээс оноосон 4,6 жилийн хорих ялыг нь хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан.
Тэгвэл өчигдрийн шүүх хуралд тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гэрчээр оролцсон юм.
Харин тэрбээр давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараагаар "Шуудайтай нүүрсний шүүх хуралд дуустал нь суулаа. Улс төрийн захиалгатай, зохиомол хэрэгт Гансүх нарыг хэлмэгдүүлсэн шийдвэрийг давтлаа. Гэхдээ шүүгч Мягмаржавын гаргасан тусгай саналыг дараагийн шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт найдаж байна" гэлээ.
Л.Гансүх нарын өмгөөлөгчид уг хэрэгтэй холбоотой Дээд шүүхэд хандахаад мэдэгдээд байгаа билээ.
Шүүх хурал завсарлах үеэр Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж "Л.Гансүх, Мөнгөнтуяа, өмгөөлөгч, татварын төлөөлөгчид бүгд гомдлоо ярьсан. Давж заалдах шатны шүүхэд гэрч, шинжээч оролцдоггүй. Зөвхөн хохирогч болон ялтан, ялтны өмгөөлөгч оролцдог. Шүүх хурлыг нээлттэйгээр шууд дамжуулахыг хүссэн боловч шүүхийн зүгээс татгалзсан" гэдэг тайлбарыг өглөө.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (14)