Автобусны буудлууд, явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж арилгах үүргийн хүрээнд Зайсан, Нисэх, Богд уулын арын замд явуулын бригад 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, түүвэр цэвэрлэгээ хийв. Эдгээр газарт 20 тонн цас хайлуулах бодис цацжээ. Мөн байгууллагууд орчны 50 метр хүртэлх талбайн хог, цас мөс цэвэрлэгээг тогтмол хийлгэх ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын 61, 63 дугаар тогтоолоор баталсан журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн байгууллагуудад "Гахай" наалт, сайн биелүүлсэн байгууллагуудад "Инээмсэглэл" наах ажлыг хийж эхлээд байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтнууд энэ сарын 16-ны өдөр Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Бээжингийн гудамжны 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын цасыг цэвэрлэв. Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж, Олимпийн гудамж, Намянжугийн гудамж, Сансар, Дамбадаржаа, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу, Хувьсгалчдын гудамж, Гэсэр, алслагдасан замууд болох 22-ын товчоо, Санзай, Био комбинат, Өлзийт, Шувуун фабрик зэрэг газруудын автобусны буудал болон явган зам, замын нуухны цэвэрлэгээг цас орсон тухай бүрт гараар болон цас түрэгч багажаар, мөстөж хөлдсөн хэсгийг цэвэрлэсэн байна.