Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюул ихсэж буйтай холбогдуулан мэдээлэл хийв. Улмаар долоо хоногийн хугацаанд зургаан хүүхэд гал түймрийн аюулд өртөж амиа алдсан бол долоон иргэн угаартсан хэмээсэн юм. Гэтэл иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас болж өнгөрсөн шөнө дахин дөрвөн хүн галын аюулд өртөж, түлэгджээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Далангийн нэгдүгээр гудамжийн ... тоотод гарсан түймэрт иргэн А /31 настай, эрэгтэй/-ын нүүр, баруун гар хэсэг, С /1.3 настай, эрэгтэй/-ын нурууны хэсэг түлэгдсэн байсныг ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүлээлгэн өгчээ. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, “Намаг”-ийн нэгдүгээр гудамжийн ... тоотод иргэн Б-н гэр шатсан гал түймэрт Н /4 настай, эмэгтэй/ баруун гарын тохой хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн багт шилжүүлэн өгсөн. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр багийн 14 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн И-н гэр шатаж уг гал түймэрт иргэн И /43 настай эрэгтэй/ III зэргийн түлэгдэлттэй байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн гэжээ.