Замын хөдөлгөөний аюулгүй байдал, соёлыг төлөвшүүлэх талаар цогц мэдлэг олгох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос үүдэн гарах сөрөг үр дагаврыг таниулах, олон улсын жишигт нийцүүлсэн сургалт зохион байгуулах зорилгоор “Тэгш зам” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд жолооны эрх сэргээлгэх шалгалтыг цахим хэлбэрээр өгч болох нөхцөлийг бурдүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, "Төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлээд байна. Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа бөгөөд энэ нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох сөрөг үр дагавартай байв. Иймээс эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлэх компьютерт суурилуулсан программ хангамжийн тусламжтайгаар электрон хэлбэрээр тодорхой хугацаанд үнэн зөв бөглөснөөс хамааран төв комьпютер болон шалгуулагчид тэр даруй тэнцсэн эсэх мэдээлэл гарах юм. Ингэснээр хариу нь хурдан гарахаас гадна илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдэж байна. Энэхүү системийг өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн байгууллагад цагдаа жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар туршихад алдаагүй хэвийн гэсэн үзүүлэлт гарсан” гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)