Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Авлигтай тэмцэх газар хамтран 2015 оны 12 дугаар сарын 15-наас 18-ний өдрүүдэд Прокурор, мөрдөн байцаагч нарт Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг олгох, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа хүссэн даалгаврыг үндэслэлтэй, зөв бичих дадал эзэмшүүлэх сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын “Сургалтын төв”-д зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат нээж “Бидний өнөөдөр хэлэлцэх гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд, ялтан шилжүүлэх асуудал бол хамгийн тулгамдсан жилээс жилд тоо, хэрэгцээ нь өсөж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг юм.
Бид энэ ажлыг амжилттай зохион байгуулж чадвал өнөөдөр бидний гар дээр байгаа асар олон хэрэг нэг мөр шийдвэрлэгдэх боломжтой болно. Бидний хамгийн их алдаж, туршлага дутаж, олон сар жилийн хөдөлмөрийг ганцхан цэг дээр аваачиж үр дүнгүй болгох эрсдэлтэй байгаа ажил бол эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх ажил болчихоод байна. Тиймээс бид энэ сургалтыг зохион байгуулж байгаа юм. Цаашдаа ч үргэлжлүүлэн нийт прокурор, мөрдөн байцаагчдыг хамруулсан сургалт болгон өргөжүүлэх төлөвлөгтөөтэй байна” гээд сургалтанд оролцогсдод амжилт хүслээ.
Энэхүү сургалтанд Нийслэл, дүүрэг, тээврийн прокурорын газар, Авлигтай тэмцэх газар, Мөрдөн байцаах газар, Тагнуулийн ерөнхий газраас нийт 54 Прокурор, мөрдөн байцаагч хамрагдаж байгаа юм.
Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Авлигтай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга А.Амарбат, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Э.Зоригт болон Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор Г.Цэцэгмаа, Улсын Ерөнхий прокурорын газрын “Сургалтын төв”-ийн хяналтын прокурор О.Эрдэнэтуяа, Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэрэгжилтэн М.Мөнхалдар нар явуулж байна.
Түүнчлэн сургалтаар Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар”-ын 16 дугаар бүлэг “Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрх зүйн туслалцаа” хэсгийг тайлбарлах, нэгдсэн ойлголт өгөхөд оршино.