Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. ШӨХТГ- ын нэхэмжлэлтэй “Жаст Ойл”, “Магнай трейд” компанид холбогдох гурван шатны шүүх хурал өнгөрсөн сард эцэслэж шийдвэрлэжээ. Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу тус газраас “Жаст ойл” компанийг 925.6 сая, “Магнай трейд” компани 2.1 тэрбум төгрөгөөр торгохоор болсон байна. Мөн арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгааг ШӨХТГ-аас мэдэгдэж шүүхэд хандсан билээ. Анхан шатны шүүхээс арилжааны банкуудыг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Уг хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх энэ сарын 23-нд болохоор товлогджээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын цэвэр усны хэрэглээ хангалтгүй байгааг судалж, сургуулиудыг ус цэвэршүүлэгчтэй болохыг шаардсан байна. Шалгалтын мөрөөр одоогийн байдлаар 674 ус цэвэршүүлэгчтэй байсан сургуулиуд 1031 болгож нэмэгдүүлжээ. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны хэрэглээ, төлбөрөө хянах боломжийг бүрдүүлсэн талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдээлсэн. Тодруулбал, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани нийслэлийн хэмжээнд 671 цахилгаан щитийг өндрөөс буулгаж, 1.6 метрт байрлуулжээ. Мөн хэрэглэгчдэд үйлчилдэг төвүүд цахилгааны төлбөрийн баримтад тоолуурын заалт болон түүний зөрүүг бичиж хэрэглэгчийн хэрэглээний талаар мэдээллийг бүрэн өгдөг болсон гэлээ.
Д.Дуулим