ШӨХТГ-аас 2015 оны 6 сард улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудад үнэгүй цэвэр усаар үйлчилж байгаа байдалд хяналт шалгалт хийжээ.
2015 оныг дэлхий нийтээрээ эрүүл зөв, зохистой хооллолтын жил болсонтой холбогдуулан Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас дэвшүүлсэн сургуулиудыг үнэгүй, эрүүл, аюулгүй ундны усаар хангах уриалгыг ШӨХТГ-аас хэрэгжүүлж 2015-2016 оны хичээлийн жилийг улсын хэмжээнд сурагчдад үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгон энэ ажлыг бүх сургуулиудыг хамруулан зохион байгуулах талаар аймаг, нийслэлийн засаг дарга нарт чиглэл өгч, хяналт тавьж ажиллав.
Мөн сургууль дээр сахар, давс, өөх тосны өндөр агууламжтай бүтээгдэхүүн болон хийжүүлсэн ундаа худалдаалах, энэ чиглэлийн сурталчилгаа явуулахыг зогсоох талаар чиглэл өгөв. Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 600 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгалтанд 17 аймаг, 6 дүүргийн нийт 212 сургууль хамрагдсан байна. Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тайлан мэдээгээ ирүүлээгүй байна.
Энэ оны 6 сард хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 674 ш ус цэвэршүүлэх төхөөрөмжтөй байсан бол 1031 ш болж 357 –аар нэмэгдсэн дүн гарч байна.
Энэ хичээлийн жилийг сурагчдад сургууль дээр үйлчлэх ундны цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх жил болгосонтой холбогдуулан хэдийгээр эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ч дээрхи ажлыг сайн зохион байгаа аймаг дүүргүүд цөөнгүй байна. Тухайлбал: Архангай аймгийн сургуулиуд шинээр 86 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж бусдыгаа хошуучилсан бол Баянхонгор 38 ш, Ховд 21 ш, Дархан-Уул 17ш, Төв 13ш, Өмнөговь 11ш, Сүхбаатар дүүрэг 48 ш, Хан-Уул дүүрэг 20 ш, Баянзүрх дүүрэг 14 ш ус цэвэршүүлэх төхөөрөмж шинээр тавьсан байна.
Гэтэл Дорноговь аймаг 2 ш, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд энэ онд нэг ч ус цэвэршүүлэх төхөөрөмж нэмж тавиагүй байна.
Сурагчдад сургууль дээр үйлчлэх цэвэр усны үйлчилгээг нэмэгдүүлэх ажилд эцэг, эхчүүдийн хандив, UNICEF, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагууд болон НҮБ-ийн хүүхдийн төлөө сангийн тусламж голлох үүрэг гүйцэтгэтгэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Д.Ундрах /24tsag.mn/