Бүгд найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Швейцарийн холбооны улсад зорчих богино хугацааны болон транзит визийг олгохоор болжээ. Швейцарийн холбооны Улсад зорчих богино хугацааны болон транзит виз мэдүүлэх энгийн паспорттой иргэд https://visapoint.eu/action цахим хаягаар орж ярилцлагын цагаа товлох юм байна. Харин албан ажлаар зорчих дипломат, албан паспорттой иргэд зохих материалыг бүрдүүлэн даваа болон лхагва гарагийн үдээс хойш Чех Улсын Элчин сайдын яаманд очиж визийн ярилцлаганд орох боломжтой.
Виз мэдүүлэх иргэд Шенгений бүсэд эхэлж нэвтрэх, эсвэл аяллын ихэнх хугацаагаа Швейцарийн Холбооны Улсад өнгөрүүлэх шаардлагатай аж. Удаан хугацааны бусад төрлийн виз мэдүүлэх тохиолдолд Хятад Улсад суугаа Швейцарийн холбооны Улсын Элчин сайдын яаманд хандах ёстой байна.