Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хөдөлгөөнд оролцогчдод сурталчлах, бага насны хүүхдийг осол гэмтлээс болон хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, энэ чиглэлийн ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний шүүгчээр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Жавхлан, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа, гэр бүл хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтантуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн н.Дэлгэрсүх, Аймгийн улаан загалмайн хорооны мэргэжилтэн Г.Энхмаа нар ажилласан юм.
“Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээнд оролцсон багууд гэрийн даалгавар, мэндчилгээ, "Хамтдаа" буухиа тэмцээн, урлагын тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж Улсын тэргүүнийн 1-р сургуулийн “Хэв журам” баг тэргүүн байранд, Шинэ хөгжил сургуулийн “Шинэ гарц” баг хоёрдугаар байр, Хан-Уул цогцолбор сургуулийн “Шонхор” баг гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Харин тусгай байрын шагналыг 11-р сургуулийн “Элит-12” баг хүртлээ.