Монголын Оюутны Холбооны удирдлагууд өнөөдөр оюутны нийтийн тээврээр зорчих эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийв.
Тэдний мэдээлснээр "Боловсрол болон Авто тээврийн тухай хуулиар сурагч, оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй болон үнэгүй зорчуулах дүрэм, журам одоог хүртэл үйлчилж байна.
Гэсэн хэдий ч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл оюутан суралцагчдыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож, хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутнуудыг хохироож байна" хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр “Энэ жил 113 мянган оюутныг үнэгүй зорчуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Дөрөвдүгээр сард 64 мянган оюутан смарт картаа захиалж, журманд заасан эрхийн үнэмлэхийг олгосон.
Гэтэл нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор өнөөдрийг хүртэл оюутнууд энэ үнэмлэхээрээ зорчиж чадахгүй байна. Гэтэл хуулиараа бол зорчих эрхтэй. Оюутнууд аль картаар зорчих нь тодорхойгүй байна. Өнөөдөр U money гээд ухаалаг картыг өгч байгаа. Энэ карт нь оюутнууд нэг удаа гэр рүүгээ дөх, буцаад сургууль руугаа дөх гэсэнтэй ижил.
Нийтийн тээврийн богиносгосон эргэлтээр оюутнууд гурван буудал яваад л сургууль руугаа алхах, эсвэл өөрөө мөнгө төлөхөөс аргагүй байдалтай байгаа.
Энэ болгоныг шийдээд өгсөн хууль нь байж байхад яагаад Э.Бат-Үүл дарга шийдвэрлэж болдоггүй юм бэ. Нийслэлийн Засаг дарга хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөөд огцор эсвэл энэ асуудлыг шийдвэрлэж өг” хэмээсэн юм.
Өнөөдрөөс эхэлж МОХ байгууллагынхаа оффис дээр биш Чингисийн талбайд ажиллах бөгөөд энэ асуудлыг даруй шийдэхгүй бол цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (6)