Хятад бичигтэй хантааз өмссөн, Монгол Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчийн зураг “Дорнод Замын цагдаа” нэртэй фэйсбүүк хуудсаар дамжин өчигдөр олон нийтэд цацагдсан.
“Дорнод Замын цагдаа” гэх цахим хуудсанд нэгэн цагдаа Монгол төрийн цагдаагийн хятад бичигтэй хантааз, өмсөн зургаа авахуулжээ. Эл зургийнхаа тайлбарт “ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН АЛБА ХААГЧДАД ОЛГОСОН ИЖ БҮРЭН АГСАМЖ” хэмээн бичсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн албан хаагчийн зураг дээр тайлбар өгөхгүй юу?
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Хянган аймгийн цагдаагийн газраас Дорнод аймгийн цагдаагийн газарт 10 ширхэг иж бүрдэл хувцас өгсөн. Уг хувцсыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж болох стандартад шаардлага хангах эсэхийг тодруулах ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байна. Өөрөөр хэлбэл, Хантаазны асуудал яригдаагүй. Цагдаагийн агсамж буюу гав, бороохой, гар чийдэн гэх мэт агсамжийг хэрэглэж болох эсэхийг шийднэ. Түүнээс биш хятад үсэгтэй хантааз өмсөнө гэсэн ойлголт огт байхгүй.
-Тэгвэл хятад бичигтэй хантааз өмссөн Дорнодын цагдаагийн зураг ямар учиртай юм бэ?
-Энэ бол цагдаагийн байгууллагатай холбоотой биш хувь хүнтэй холбоотой асуудал. Тухайн хувь хүнтэй холбоотой асуудалд Дорнод аймгийн цагдаагийн газраас албаны шалгалт хийж, албан үүрэгтээ хайнга хандсан хийгээд цагдаагийн байгууллагад сөргөөр нөлөөлөх мэдээллийг өөрийн фэйсбүүктэй дур мэдэн байрлуулсан гэж арга хэмжээ авагдаад явж байна. Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авагдаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)