Зам засварын компаниудын маргаанаас үүдэж иргэд хохирсоор байна. Тодруулбал, Долоон буудал-Чингэлтэйн шинэ эцэс чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил энэ оны наймдугаар сард эхэлсэн ч есдүгээр сард зогссон.
Уг нь энэ хэсгийн 3.3 км замын засвар энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байсан ч зам засварын ажлыг гүйцэтгэхээр тендерт оролцсон компаниуд хооронд маргаан үүссэн засварын ажлыг зогсоож, асуудлыг шүүхэд шилжүүлжээ. Учрыг тодруулбал Долоон буудал-Чингэлтэйн шинэ эцэс чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажлын тендерт 10 гаруй компани орж "Экспресс зам" компани ялсан аж. Ингээд тус компани засварын ажлыг эхлүүлсэн ч тэдэнтэй өрсөлдсөн "Гашуун гол" компани тендерийн үнэлгээний хороог шударга бусаар гүйцэтгэгч компанийг шалгаруулсан гэдэг үндэслэлээр асуудал үүсгэж, шүүхэд өгчээ.
Шүүхэд хандаад буй "Гашуун гол" компанийн хувьд тендерт ялах шаардлага хангаагүй, тухайлбал техник хэрэгсэл дутуу байсан гэж НХААГ-ын дарга н.Идэрцогт ярьжээ. Ямартаа ч энэ маргааны уршгаар тэр хавьд амьдардаг, замаар зорчдог иргэд, жолооч нар эвдэрсэн зам дээгүүр явахдаа осол гэмтэлд өртөж, хохироод байгаа юм байна.