НИТХ дахь МАН-ын бүлгээс Хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах хүсэлтийг өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулгад өргөн мэдүүлсэн билээ.
МАН-ын бүлэг Хотын дарга Э.Бат-Үүлийг төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлууд нь хэрэгжээгүй зэрэг үндэслэлүүдийг тавьж, огцрох ёстой хэмээн үзсэн юм.
Тэгвэл энэ асуудлаар Д.Баттулга дөнгөж сая мэдээлэл хийв. Тэрбээр Хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэсэн юм. Учир нь Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д "хурлын төлөөлөгчдийн 1/3-ээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлсэн 15 хоногийн дотор уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ" хэмээн заасан байдаг.
Харин МАН-ын бүлгээс ирүүлсэн албан бичигт тус бүлгийн нийт 14 төлөөлөгчийн 12 нь гарын үсгээ зурсан. МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн гарын үсэг хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй хэмээн тайлбарлав. Мөн тэрбээр "Би хоёр л зүйлийг хэлье. Нэгдэхь нь энэхүү хүсэлтийг QI муутай хүн бичсэн.
Нөгөө бол улаанбаатарчуудыг юу ч мэддэггүй учраас яаж ч бичсэн итгэнэ гэж бодсон байх. Бас хотын удирдлагуудыг муулж л байвал юу ч бичсэн хамаагүй гэсэн үндэслэл байна лээ" гэсэн юм.
Б.Энхжин
Сэтгэгдэл (2)