Дундговь аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга тэргүүтэй ИТХ-ын 12 төлөөлөгч жилийн өмнө төсвийн мөнгөөр Чех, Словак улсад аялаад ирсэн. Тэд аймгийн гадаад харилцааг өргөжуүлэх зорилготой гэж тайлбарласан уг аяллынхаа зардал болох 50 сая төгрөгөө 2014 оны долдугаар сарын 8-нд төсөвт тодотгол хийх замаар татвар төлөгчдийн халааснаас авсан байдаг.
Энэ нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолтой зөрчсөн юм.
Тэгвэл өдгөө эл мөнгийг аймгийн ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгчөөс гаргуулж, орон нутгийн төсөвт буцаан төвлөрүүлэхээр болоод байна. Улмаар тус аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ энэ сарын 6-нд ИТХ-ын дарга С.Буджавт мэдэгдэл хүргүүлж, “Аймгийн Аудитын газраас өгсөн үүргийн дагуу энэ сарын 15-ны дотор нэр бүхий 12 төлөөлөгчөөр 50 сая төгрөгийг төлүүлэн, Төрийн санд буцаан байршуулж, баримтыг нь ирүүлнэ үү” хэмээн мэдэгджээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)