Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтран 2015 онд хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 29-нд дүүргийн “Иргэний танхим”-д нэгдсэн уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтанд нийт 50 гаруй иргэд ирж оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор С.Чинзориг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо” гэсэн сэдвээр сургалт хийсэн байна.
Аж ахуйн нэгжийн хүрээнд хулгай, дээрэм, танхай, хүчин, залилан, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд зонхилон гарч байгаа бөгөөд эдгээр гэмт хэргээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалт, камержуулалтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллах, байгууллагын дотоод журамтай болох, түүнийгээ даган мөрдөж биелүүлэх шаардлагуудыг тавьж ажиллажээ.
Сургалтын үеэр иргэн аж ахуйн нэгж байгууллагын эздэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж ямар үүрэгтэй болохыг та мэдэх үү” нэртэй гарын авлага тарааж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/