Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсээс "Соёлтой хот-Соёлтой иргэн” сургалтыг зохион байгуулав.
Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр хийж байгаа “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх, хотын соёлд суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар хүүхэд залуучуудад мэдээлэл өгөх, харилцан мэдээлэл солилцох, зайлшгүй мэдэх анхан шатны эрх зүйн мэдлэг олгох зорилгоор тус сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтанд Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 10 болон 11 дүгээр ангийн 150 сурагч хамрагдсан байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Л.Болормаа сургалтыг нээж, скаут хүүхдүүд сургалтанд оролцогчидод мэндчилгээ дэвшүүлсэн юм.
ШУТИС-ийн “Соёл клуб”-ын оюутан Б.Түвшингоо дүү нартаа “Соёлын довтолгоо” сэдвээр, Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Очбаяр “Улаабаатар хотын түүх” сэдвээр илтгэл тавьсан байна.