Баянгол дүүргийнхэн ирэх есдүгээр сардаа багтаж 100 ортой хүүхдийн эмнэлгээ хүлээж авах гэж байна. Ингэснээр өвлийн цагт ханиад, томууны үеэр ачааллаа дийлэхээ больж хүүхдүүдээ коридорт хэвтүүлдэг байдал тус дүүрэгт багасна гэсэн үг юм.
Баянгол дүүргийн удирдлагууд тойргоосоо сонгогдсон гишүүдтэйгээ ярилцаж байгаад Эрүүл мэндийн долдугаар төвийн нэгдүгээр давхрыг хүүхэд хүлээж авдаг амбулатори харин дөрөвдүгээр давхрыг хэвтэн эмчлүүлдэг тасаг болгохоор барилгын засварын ажлыг эхлүүлжээ. Харин хоёр болон гуравдугаар давхрыг энгийн иргэд үзүүлдэг амбулатори хэвээр нь үлдээх байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар уг эмнэлгийн барилгын засварын үйл явцтай танилцаж өчигдөр тус обьектод ажиллалаа.
Эрүүл мэндийн долдугаар төвийн барилга 1983 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч удаа сантехникийн засвар хийгдэж байгаагүй юм байна. Энэ жил сантехник болон барилгын бүрэн хэмжээний их засварыг хийж гүйцэтгэж байгааг та бүхэн доорх зургаас харна уу.
Тус төвийн дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулах хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь тоглоомын өрөө, эх, хүүхдэд зориулсан стандартын ор, жорлон, техник тоног, төхөөрөмжтэй байхаараа бусад эмнэлгээс ялгаатай. Мөн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагтай байх юм байна. Үүнээс гадна хөргөгч, зөөлөн эдлэл, хүүхдийн тоглоом гэх мэт хэрэгтэй зүйлийг тус дүүргийн иргэд санаачлагаараа эмнэлэгтээ хандивлахаар болжээ.
100 ортой хүүхдийн эмнэлэг болох дөрөвдүгээр давхар.
Уг төвийг бүхэлд нь засварлахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөв болон дүүрэг, нийслэлээс гаргаж байгаа аж. Нийт 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийж дуусгах юм байна.
Дүүрэгтээ байгуулагдах хүүхдийн эмнэлгийн засварын үйл ажиллагаатай биечлэн танилцсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ талаар ярихдаа “Манай Баянгол дүүрэг хүн ам ихтэй. Хүүхдийн эмнэлэг хүрэлцдэггүй. Ганцхан Эмүжин эмнэлэг ажилладаг. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор манай дүүргийн нэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ. Өвөл ханиад, томууны үеэр ачаалал ихэсдэг. Бид энэ үед дотоод нөөц бололцоогоо ашиглаад ор нэмж хүүхдүүдээ хүлээж авдаг. Иймэрхүү байдалтайгаар 9 жилийг давлаа. Энэ жилийн хувьд тодорхой хэмжээгээр асуудлаа шийдэж чадна гэж бодож байна” гэлээ.
Мөн ахмадын сэргээн засах үндэсний төвтэй хамтран 60 ортой хүүхдийн шинэ эмнэлгийг барихаар ажиллаж байгааг тэрбээр дуулгасан юм.
Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Манай дүүрэгт хүүхдийн эмнэлгийн асуудал хүндрэлтэй байдаг. Хуучин манай зарим хороодын хүүхдүүд Сонгино хайрхан дүүрэг рүү очиж эмчлүүлдэг байсан. Уг эмнэлэг ашиглалтад орсноор уг асуудал шийдэгдэх нь. Эрүүл, мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл, мэндийн тусламж үйлчилгээ, чанарыг сайжруулах нь бидний өмнө тулгамдсан асуудал юм” гэж хэллээ.
Шинэ эмнэлэг ашиглалтад орсон ч эмч, мэргэжилтнүүдийн орон тоо хангалттай эсэх мөн тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх байж чадах уу гэсэн асуултад Баянгол дүүргийн Эрүүл, мэндийн төвийн Ө.Батжаргал ингэж хариуллаа. Тэрбээр “Бид Засгийн газрын хурал болон Эрүүл, мэндийн спортын яаманд удаа дараа санал тавьсаны үр дүнд энэ эмнэлэгт ажиллах эмч, эмнэлгийн 50 ажилтны орон тоог батлуулж чадсан. Мэргэжлийн эмч, сувилагч, туслах ажилтнууд ажиллана. Бид захиалгаар эмч, сувилагчдаа бэлтгэчихсэн байгаа. Сувилагчдаа ажилд нь аваад эхэлсэн. Мөн тоног, төхөөрөмжийн судалгаагаа хийсэн. Тэгээд орчин, үеийн тоног төхөөрөмжийг авахаар болсон”гэв.
Ийнхүү Баянголчууд хүүхдийн шинэ эмнэлгээ хүлээж авахаар бэлтгэж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (6)