Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр үдээс хойш Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг Их хурлын даргад өргөн барьсан.
Харин өнөөдөр байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэж, дөрвөн сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэж, гишүүд дэмжлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэж байнгын хорооны 13 гишүүнээс 11 нь түүнийг огцруулах зүйтэй гэж үзсэн юм.
Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайдын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдаас өргөн барьсан огцруулах төслийг олонх дэмжсэн бол Эдийн засгийн байнгын хорооноос Зам тээврийн сайд Н.Төмөрхүү болон Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарыг чөлөөлөхийг мөн л гишүүд дэмжсэн юм.
Түүнчлэн Төсвийн байнгын хорооны хуралдаан эхлэхэд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт танилцуулга хийж улмаар гишүүдийг асуулт асууж, үг хэлэхгүйгээр Засгийн газрын гишүүнийг огцруулах талаар санал хураах горимын санал гаргасан юм. Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 13 нь оролцсон бөгөөд Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг гишүүдийн 68.9 хувийн саналаар дэмжсэн.
Сэтгэгдэл (9)