Монголын дугуйн холбооноос зохион байгуулах холын зайн дугуйн уралдааны нээлт маргааш 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр болно. Тэмцээн 11.00 цагаас эхлэх юм.
Тамирчид Улаанбаатар – Налайх – Багануур – Зуунмод - Улаанбаатар гэсэн маршрутаар 8 этап уралдаан хийх бөгөөд наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо бариагаа хийх юм. Энэ удаагийн олон өдрийн уралдаан 8 өдрийн тэмцээнээс бүрдэх ба нийт 610 км замыг туулж уралдана. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдох “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээнд 11 багийн 42 тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Монголын олон өдөр тэмцээн анх 1965 онд зохиогдож 1964 оны Токиогийн олимпийн наадамд Монголын дугуйчдаас анх оролцсон ОУХМ Я.Баатар ялагч болж байжээ. Үүнээс хойш 1970-79 онуудад тогтмол зохиогдож байгаад удаан хугацаагаар 22 жил завсарласаны эцэст 2001 оноос дахин явагдах болж 3 жил дараалан Монгол улсын гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших түрүүлж байсан юм. Үүнээс өмнө ОУХМ Ш. Жамбал, с/м Г.Ганболд нар мөн 3 удаа түрүүлж байжээ.
Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ ялагчаар тодорчээ.