Мэргэжлийн сүмо дахь монгол бөхчүүдийн алтан хараацайнуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням 38 насандаа дээд зиндааны барилдаанд анх удаа түрүүллээ. Энэ бол түүний сүмод 20 жил мятаршгүй зүтгэсэн тонн тонн хөлснийх нь үр дүн. Зорилгодоо хүрдэг хүний тухай 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.
1. Дээд зиндааны хамгийн ахмад бөх нь 38 настай Кёкүтэнхо юм.
2. Тэрээр энэ сарын барилдааныг Toчиношинд унаснаар эхэлсэн.
3. Сүүлийн өдрийн барилдаанд зүүн жигүүрийн маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Точиозантай нэмэлт барилдаан хийж, хатакикоми мэхээр ялж түрүүлэв.
4. 2006 оны 1 дүгээр сарын түрүүг авсан Точиазүмагийн амжилтаас хойш дээд зиндаанд япон бөх түрүүлээгүй цувралыг Н.Цэвэгням үргэлжлүүлж байна.
5. Монголын анхны зургаан сумочийн нэг Н.Цэвэгнямын энэ түрүү макүүчи зиндаанд авсан монгол бөхчүүдийн 50 дахь түрүү билээ.
6. Кёкүтэнхо NHK телевизийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Сүүлийн хоёр өдөр сэтгэл санаа тайван биш байсан болохоор олигтой унтаж чадаагүй. Бөх нойрсохын тулд урьд шөнө унтахынхаа өмнө архи уусан” гэжээ.
7. “Олон олон хүний дэмжлэгийн хүчээр өнөөдөр би энд зогсож байна. Энэ бол итгэхийн аргагүй мэдрэмж” гэж тэр эзэн хааны цомоо гардсаны дараа хэлжээ.
8. 37 нас 8 сартайдаа эзэн хааны цом хүртсэнээрээ Н.Цэвэгням шинэ дээд амжилт тогтоож байна. 1929 онд 35 нас, 6 сартайдаа түрүүлсэн Тоёокүни, 35 нас, 5 сартай түрүүлж байсан Чоёонофүжи аваргаас ч ахимаг үедээ башег манлайлжээ.
9. Н.Цэвэгням энэ башёд баруун жигүүрийн маэгаширагийн долоогоос босч барилджээ.
10. Тэрээр энэ удаагийн тэмцээнийг 12 даваа, гурван унаатайгаар тэргүүлж өндөрлүүллээ.
11. Энэ удаагийн Нацү башёгийн 13 дахь өдөр Саданофүжиг өвдөг шороодуулснаар Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сүмогийн 800 дахь ялалтаа байгуулжээ.
13. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг макүүчи зиндаанд анхны түрүүгээ авсанд нь баяр хүргэж, цахилгаан шуудан илгээсэн байна.
14. 20 жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнгээр дээд зиндаанд түрүүлсэн Н.Цэвэгням нулимсаа барьж тэвчсэнгүй. “Энэ бол баярын нулимс” гэж тэр хэлсэн байна.
15. Н.Цэвэгням одоогоор 158 кг жинтэй, 191 см өндөр.
16. 5 дугаар сарын 23-нд болох “Их Монголын алтан одод-2” шоунд үндэсний бөхчүүдтэй сагсан бөмбөгөөр өрсөлдөх сүмочдын багт багтсан Н.Цэвэгням өнөөдөр Улаанбаатарт ирэх товтой.
17. Монголын бөхчүүдээс Асашёорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Кёкеүтэнхо Н.Цэвэгням нарын дөрвөн бөх Эзэн хааны цомыг хүртээд байна.
18. Н.Цэвэгням дээд зиндаанд түрүүлсэн 10 дахь гадаад бөх болж байна.
19. Монголын бусад сумочдоос их аварга Хакухо М.Даваажаргал 10 даваа, таван унаа, озэки Харумафүжи Д.Бямбадорж 8-7, озэки Какурюү М.Ананд 8-7, Асасэкирюү Б.Дашням 6-9, Токитэнкү А.Хүчитбаатар 7-8, Тамаваши Б.Мөнх-Оргил 8-7, Шотэнро Д.Нямсүрэн 9-6 гэсэн амжилт үзүүллээ.
20. Тэрээр сэкивакэ цолыг гурван удаа, комүсүби цолыг есөн удаа хүртэж байжээ.
21. 5 дугаар сарын нацу башёд түүнийг түрүүлнэ гэж хэн ч таамаглаж байсангүй.
22. “Ояката намайг харих яагаа ч үгүй байгаа болохоор барилд гэж зөвлөсөн. Дээд зиндаанд барилдаж байгаа цагт зодог тайлахгүй” гэж 3 дугаар сарын барилдааны өмнө мэдэгдэж байв.
23. 2008 онд тэрээр Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн байна.
24. 2005 онд тэрээр Японы харьяат болсон ч “Аль улсын иргэншилтэй байхаас илүү сэтгэл зүрх юуны төлөө цохилж байгаа нь чухал” гэж хэлжээ.
Холбоотой байя!
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)