Ирэх жил Бразилийн Рио Де Жанейро хотод зохион байгуулагдах Олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Олимпийн цэнгэлдэх хүрээлэн болон цэцэрлэгт хүрээлэн багтсан цогцолборыг барьж байгуулж байгаа юм. Үүний тулд ойролцоох ядуусын хорооллын оршин суугчдыг орон гэрээс нь хүчээр гаргаж байгаад дургүйцсэн иргэд өчигдөр тус хотын Копакабана наран шарлагын газарт цугларч, эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулжээ.
Жагсагчид хотын удирдлагын зүгээс орон гэрээс нь хүчээр хөөн гаргаж байгааг эсэргүүцсэн уриа, лоозон барин жагссан байна. Тэдний үзэж байгаагаар баячуудад зам гаргахын тулд ядуусыг орон гэрээс нь хөөн гаргаж байна гэжээ.Вила Автодромо хэмээх дээрх хорооллын иргэн Наталиа Сильва хэлэхдээ "Бид Олимпийн наадмыг зохион байгуулахын эсрэг биш байна. Наадам зохион байгуулах нэрээр хотыг "ядуус"-аас цэвэрлэж байгааг бид эсэргүүцэж байна" гэжээ.
Хотын удирдлагын зүгээс олон зуун айл өрхийг орон гэрээс нь гаргаж, өөр газарт нүүлгэн шилжүүлэх болон хохирлыг барагдуулахад зориулж олон сая ам.долларыг зарцуулж байгаа юм. Дээрх хорооллын ард иргэдийн өмгөөлөгчдийн хэлснээр 2009 онд тус хотод Олимпийн Наадмыг зохион байгуулах болсноос хойш 67000 орчим иргэнийг орон гэрээс нь албадан гаргасан гэжээ.