Хоёр жилийн өмнө Алжирын хийн үйлдвэрт халдаж олон арван хүний аминд хүрсэн Исламын топ удирдагчийг хөнөөсөн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Түүнийг дагалдагчдынх нь хамт агаарын цохилтоор хөнөөсөн хэмээн бичжээ.
Ливийн засгийн газрын мэдээлснээр удирдагч Мохтар Белкомар болон түүний дайчдыг Ливийн зүүн мужид байхад нь АНУ-ын агаарын цохилт хөнөөлөө гэсэн байна.
Зартай алан хядагч Мохтар Белкомарыг агаарын цохилтоор хөнөөсөн гэх мэдээллүүд өмнө нь гарч байсан ч ташаа мэдээллүүд болох нь тогтоогдож байсан юм.
Пентагон агаарын цохилт Мохтар Белкомарын байршлыг оносон хэмээн баталгаажуулсан ч түүнийг яг үхсэн эсэхийг хэлээгүй байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Стив Варрен “Бид ажиллагааны үр дүнг сайтар шалгаж байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг баталгаажуулсны дараа удахгүй өгөх болно” хэмээн мэдэгджээ.
Алжирт төрсөн Белкомар нь алан хядах Ал-Каида бүлэглэлийн Африкын бүс нутгийн удирдагчаар ажиллаж байсан ч удирдагчтайгаа ам мурийсны улмаас дайчдаа дагуулан “өрх” тусгаарласан. Үүнээс хойш өөрийн цэргийн хүчнийг байгуулахыг оролдож байжээ.
2011 онд Ливид удирдагч асан Муаммар Гаддафиг унагаснаас хойш эмх замбараагүй байдал үүссэнийг далимдуулан Мехтор Белкомар тус улсад ирж, зарим газар нутгийг булаасан байна.
“Ганц нүдэт” хэмээх хочтой тэрээр террорист ажиллагааны ихээхэн туршлагатай. Хар тамхины хууль бус худалдаанаас олсон мөнгөөрөө дайчдаа цалинжуулдаг аж.
1980 оны сүүлээр Афганистанд Зөвлөлт Оросын эсрэг байлдаж явсан. Түүнчлэн Мали дахь Исламын цэргийн бүлэглэл Ал-Мурабитоунд элсэж террорист үйл ажиллагаа зохион байгуулалцаж байсан зартай алан хядагч юм.
Тэрээр 2013 онд Алжирын Аменас хийн үйлдвэрт дайрч, 800 гаруй хүнийг барьцаалан, 40 хүний аминд хүрсэн билээ.
Г.Үжин