Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусээр нас барсан хүмүүсийн тоо гурваар нэмэгдсэнээр вирусийн гаралтай энэ өвчнөөр нас барагсдын нийт тоо 13 боллоо гэж Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдэгдлээ. Тус яамны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, сүүлд “MERS”-ээр нас барсан гурван хүний нэг нь ахлах сургуулийн багш аж. Өмнөд Солонгост одоогийн байдлаар нийт 126 хүн уг вирусийн халдвар авсан нь тогтоогдоод байна. ДЭМБ-ын дэд захирал Кэйжи Фүкүда тэргүүтэй төлөөлөгчид Өмнөд Солонгосын засгийн газартай хамтран уг вирусийн тархалтыг судалсаар байна. Өмнөд Солонгост тархсан “MERS”-ийн талаарх сулалгааны дүнгээ ДЭМБ-ын шинжээчид өнөөдөр гаргана.
“MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн, вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм. Тэр цагаас хойш Ойрхи Дорнодын голдуу 20 орчим улсад халдвар авсан 1100-гаад тохиолдол бүртгэгджээ.