НҮБ-ын энхийг сахиулагчид тусламж хүргэж буй орнуудад хуваарьлагдсан барааг түгээхдээ ёс бус үйлдэл тогтмол гаргадаг байсныг НҮБ-ын тайланд тэмдэглэжээ.
Энэ талаар “BBC” агентлаг мэдээлэхдээ НҮБ-ын тайланд энхийг сахиулагчид бараагаа түгээхдээ сексээр солилцдог байсан бөгөөд энэ үйлдэл бараг уламжлал болтлоо давтагдсан хэмээн онцолжээ.
НҮБ-ын Дотоод дутагдлыг анхаарах үйлчилгээний газраас энэхүү тайланг гаргажээ. Тэд “Гайти, Либерид олон зуун эмэгтэй өлсөхийн эрхэнд үнэгүй хүрэх ёстой тусламжийн хүнсийг авахын тулд хүчээр бэлгийн харьцаанд орсон” хэмээн буруутгасан байна.
Түүнчлэн цэргүүд эмэгтэйчүүдийг бэлгийн харилцаанд орсны төлөө бэлэн мөнгө, гоёл чимэглэлийн хэрэгсэл, гар утас болон бусад эд зүйлсийг өгдөг байсныг тэмдэглэжээ.
Тайланд тэмдэглэснээр 2008-2013 оны хооронд тусламжийн барааг өгөхгүй хэмээн шантаачилсан бэлгийн мөлжлөгийн 480 хэрэг гарсан байна. Харамсалтай нь эдгээр хэргүүдийн гуравны нэг нь хүүхдүүд хохирогч нь болсон тохиолдлууд аж.
НҮБ-ын энхийг сахиулагчид “ажил хэргийн секс” хэмээн нэрлэдэг энэхүү бэлгийн мөлжлөг даалгавар гүйцэтгэсэн орнуудад нь нэлээд дэлгэрснийг тайлан дүгнэжээ.
Дэлхийн хамгийн том олон улсын байгууллагын ичмээр тайлан гарах үетэй давхцан Францад бас нэгэн судалгаа гарсан байна. “АП” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн жил Гаитид судалгаа хийхэд 231 эмэгтэй НҮБ-ын энхийг сахиулагчидтай бэлгийн харилцаанд орсон гэсэн дүн гарчээ.
Ярилцлага хэлбэрээр явагдсан нэг жилийн судалгаа ийм дүнтэй байхад 2008-2013 он хүртэл таван жилд ийм бага тоо гарах ёсгүй гэх шүүмжлэл ч байна.
Францын судалгаанд бэлгийн харилцаанд орсныхоо төлөө төлбөр аваагүй эмэгтэйчүүд энхийг сахиулагчдын үнэн дүр төрхийг нийгмийн сүлжээгээр илчилнэ хэмээн дарамталсан тохиолдлууд ч олон байжээ. Тиймээс ёс бус энэ үйлдэлд талууд хаа хаанаа буруутайг тэмдэглэжээ.
Гэхдээ НҮБ-ын энхийг сахиулагчид ийм ёс бус үйлдэл гаргах ёсгүй хэмээн голчлон буруутгаж байгаа юм. Одоогийн байдлаар НҮБ-ын 125 мянган энхийг сахиулагч тусламж хэрэгтэй орнуудад ажиллаж байгаа юм.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)