Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) Монголын Засгийн газрыг Хойд Солонгосын ажилчдыг хамгаалахыг хүссэн тухай мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад ажиллаж буй Хойд Солонгосын иргэд тэвчишгүй хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хэмээн ОУХБ үзсэн байна.
Тус байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн хэвлэлийн төлөөлөгч Софи Фишер мэдээлэхдээ “Монгол Улсад жижиг нэхмэлийн үйлдвэр болон барилгын талбайд ажиллаж буй хойд солонгосчууд дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрсөн стандартаас хэтэрхий доогуур нөхцөлд ажиллаж байна” гэжээ.
Монгол дахь гадаад ажилчдыг хүнд нөхцөлөөс гадна цалингаа хугацаандаа авч чаддаггүй, цалингаасаа зааварлагчдаа өгөх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг гэх мэтээр бичжээ.
Мөн Софи Фишер “ОУХБ Улаанбаатарыг хөдөлмөрийн мөлжлөгийн нөхцөлөө засах ёстойг олон удаа сануулсан” хэмээн онцолсон байна. Түүнчлэн Монгол Улс нь энэхүү хүнд нөхцөлийг засах үүрэгтэй гэжээ. Учир нь ОУХБ-ын Албан хөдөлмөр эрхлүүлэлтийн конвенцийн 29-р зүйлд дээр дурдсан нөхцлүүдийг засах үүрэг, хариуцлагыг зааж өгсөн байдаг аж.
Одоогоор манай улсын нэхмэлийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрүүдэд 2000 орчим хойд солонгос хүн ажилладаг байна. Энэ тоо Пхеньян, Улаанбаатарын хамтын хэлэлцээрийн улмаас 4000 болж өснө хэмээн Монголын төлөөлөгч мэдээлснийг ОУХБ онцолжээ.
“ОУХБ Улаанбаатарыг хөдөлмөрийн мөлжлөгийн нөхцөлөө засах ёстойг олон удаа сануулсан” хэмээн онцолсон байна.
Хойд Солонгос нь шаардлагатай гадаад валютаа улсын сандаа төвлөрүүлэхийн тулд олон тоны ажилчдыг гадаадад албадан хөдөлмөр эрхлүүлдэг байна. Энэ үзэгдэл 2011 онд Ким Чен Ун засгийн эрхийг авснаас хойш эрс нэмэгджээ. Одоо 50-60 мянган хойд солонгос хүн гадаадын орнуудад буюу Хойд Солонгостой харилцаа холбоотой орнуудад албадан хөдөлмөр эрхэлж байна.
Манай улс гадаадын иргэдэд битгий хэл дотооддоо хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлаа хангаж чадахгүй байна. Хөдөлмөрийн салбарт асар олон шийдвэрлэх ёстой асуудал бий боловч нүдээ анисаар өдийг хүрсэн. Харин үүнийг олон улсын байгууллага тэвчихгүй гэдгээ дэлхий нийтэд зарлалаа.
Г.Үжин
Сэтгэгдэл (6)