Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассад болон шашнаас ангид босогчдын тэргүүнүүдийг зөвшилцөлд хүргэх уулзалт өндөрлөсөн талаар “Guardian” агентлаг мэдээллээ. Сөргөлдөгч талуудыг улс төрийн нэгдсэн шийдэлд хүргэх зорилго бүхий хоёр дахь удаагийн уулзалтыг Египет улс өөрийн оронд зохион байгуулсан байна.
Олон мянган хүнийг амийг авсан Сирийн иргэний дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа тул улс төрийн шийдэл олох ёстой хэмээн зуучлагчид үзэж байгаа юм.
Египетийн нийслэл Кайр хотноо өчигдөр өндөрлөсөн хоёр өдрийн чуулга уулзалтанд Исламын шашны болон Ерөнхийлөгч Башар Ассадыг унагахаар тулалдаж байгаа босогчдын төлөөллөөс оролцоогүй байна.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн Газрын гишүүд болон сөрөг хүчний төлөөллүүдийг оролцуулсан шилжилтийн төр засгийг байгуулах хэтийн төлөв ажиглагдсан байна.
Египет улс Сирийн улс төрийн дотоод хямралыг зохицуулах өмнөх уулзалтыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан юм. Тэрхүү хурлын төгсгөлд Сирийн сөрөг хүчний зүгээс улс төрийн нэгдсэн шийдэлд хүрэх 10 заалт бүхий баримт бичгийг гаргасан.
Г.Үжин